Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдыг залилж, 12 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн харьяат малын эмч мэргэжилтэй иргэн Э гэгч нь өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт зургаан удаагийн үйлдлээр адуу зарах нэрийдлээр нийт 12 сая 200 мянган төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байна. Энэхүү хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ.
Улмаар энэ сарын 20-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Э-д 500 мянган төгрөгийн торгох ял оноожээ.
Шүүхийн шийдвэрт “Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э нь нийт зургаан удаагийн үйлдлээр хохирогч Б, Ц нарыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.200.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкан дахь тоот дугаарын дансаар шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Иймд, бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хохирлоо барагдуулсан бол заавал хүнийг шоронд хатааж хүүр болгохгүй хэрэггүй. Амьдралд алдаа хийдэггүй хүн гэж байхгүй. Малын эмч ямар танхай балмад хүн биш. Шүүх зөв шийдсэн байна