Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос сонгуулийн ирцийн талаарх мэдээллийг өглөө.
Ирц 20:00 цагийн байдлаар 47,1 хувьд хүрч 959,588 иргэн саналаа өгөөд байна.
Ирцийн энэ байдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуультай харьцуулахад 18:00 цагийн ирцтэй ойролцоо байна гэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахад цаг гаруйн хугацаа үлдлээ. Тиймээс 22:00 цагаас өмнө бөөгнөрөл үүсгэхгүйгээр саналаа өгөх шаардлагатайг албаныхан санууллаа.
Монгол Улсад санал өгөх эрхтэй 2 сая 41 мянга 661 иргэн байгаа билээ. Одоогоор Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн иргэд санал хураалтад идэвхтэй оролцож байгаа бол Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн иргэдийн идэвх сул байна.
Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Монгол Улс бүхлээрээ нэг тойрог гэж явах учраас аль нэг аймаг, хэсгийн санал 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамаарч нийт ирц 50+ хувьд хүрэхэд тухайн сонгуулийг хүчинтэйд тооцох юм.
СЕХ-ны мэдээлснээр "Зөөврийн хайрцгаар санал авсангүй" гэх гомдол нэлээд ирж байгаа аж. Гэвч зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтийг зургаадугаар сарын 1-нээс өмнө өгсөн байх хуулийн зохицуулалттай аж.
Тиймээс коронавирусний халдвар авсан иргэн зургаадугаар сарын 4-нд эмнэлэгт хэвтсэн гэж тооцоход зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтийн хугацаа дууссан байх тул саналаа өгөх боломжгүй гэж ойлгож болох нь.
Сэтгэгдэл ( 1 )