Үргэлжилсэн бороо орох тул үерийн аюулаас СЭРЭМЖИЛНЭ ҮҮ!

2021 оны 06 сарын 11

Нийслэл Улаанбаатарт энэ сарын 7-8-нд үргэлжлэн орсон борооны улмаас зарим авто зам, явган хүний зам, нүхэн гарц усанд автаж, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усанд автсан.

Үүнээс гадна олон өдөр орох борооны улмаас зуслан, гэр хорооллын бүсэд байгаа айл өрхүүд үерт өртөх эрсдэлтэй байдаг нь жилийн жилд ажигллагддаг.

Нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр (2021.06.11) Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна.

Бодит нөхцөл байдал амаргүй байгаа нь дараах зургаас харагдана. Үерийн хамгаалалтын бүсэд л гэхэд 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид газар үерийн аюултай бүсээс нүүж газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ.

Гэтэл ойрын хоногуудад ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14,15-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Иймд иргэд та бүхэн болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top