Гэмт хэрэгтнүүд хүүхэд, оюутан охидыг ХОХИРОГЧООР сонгож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 08

Эрүүгийн цагдаагийн албанаас цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал болон бусад шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Дэд хурандаа н.Тайван “Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг 2020 онд 1795 гарч байсан бол 2021 оны эхний хагас жилийн байдлаар 1850 хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэ нь жил дараалан цахим гэмт хэргийн гаралт 40-50 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм. Тиймээс бодит кэйс дээр тулгуурласан сэрэмжлүүлгийг өгөхөөр зорилоо.

Бид бүхний мэдэх уламжлалт гэмт хэрэг буюу дээрэмдэх, хүчиндэх, залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргүүд цахимд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнүүд цахим орчинд идэвхтэй ажиллаж эхэлсэн.

Хэргийн жишээ дурдвал, бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, эзэмшигчийн өмнөөс чат бичиж мөнгө авсан хэрэг удаа дараа гарсан. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Ш, Б нарыг илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Дээрх этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 26.1 зүйл, 17.3 дугаар зүйлд зааснаар 5-8 жилийн хорих ял шийтгүүлсэн байгаа.

Мөн цахим орчинд худал мэдээлэл түгээх гэмт хэрэг ихээр гарч байгаа. Гэмт хэрэгтнүүд тусгай программ ашиглан, гадаад улстай хамтран ажилладаг явдлууд ч гарч байна. Зарим тохиолдолд иргэн үзэл бодлоо илэрхийлж байна гэхээсээ илүү нийгмийг хагалан бутаргах, талцуулах зорилго агуулж байна.

Жишээлбэл, холбогдогч Э, Г, Т, Ж, Ч нар үгсэн тохиролцож, хортой программ ашиглаж иргэдийн цахим хаягны нууц үгийг олж, бүртгэлтэй мэдээллийг өөрчилж ашиг олон зорилгоор бусдад борлуулах, худал мэдээлэл тараах, тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслийн хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зэргийг нэг командаар удирдах программ хангамж зохион, түүнийгээ гадаад улсын серверт байршуулан ажиллуулж байсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Шалгах явцад дээрх этгээдүүд нь бусдаас захиалга авч, зохион байгуулалтын хэлбэрт шилждэг. Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж, бусдыг харлуулах, хэн нэгнийг илтэд дэмжих үйлдэл хийдэг. Эдгээр этгээдүүд нь 25-30 насны, программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, пи арын үйлчилгээ үзүүлнэ гэж харилцагч үйлчлүүлэгчээ олж авдаг байна” гэлээ.

Түүнчлэн цахим орчинд бага насны хүүхдийг бэлгийн дарамтад оруулсан гэх хэргээр 30 настай Б гэгчийг саатуулан шалгаж, шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байна.

Шалгалтын явцад гэмт хэрэгтэн нь цахим орчинд "Хүүгүй мөнгө зээлнэ" гэх зар тавьж, улмаар насанд хүрээгүй, ганц бие, оюутан охидыг сонгож, зээлэх гэж байгаа мөнгөнийхөө барьцаанд нүцгэн зураг болон ёс ус бичлэг авдаг.

Нүцгэн зураг авсныхаа дараа дараагийн үе шатанд шилжиж,  цахим орчинд зургийг нь тавина гэж дарамталж, өөрийн эрхшээлд бүрэн оруулахыг эрмэлздэг байна. Эдгээр бичлэг зургийг хаалттай группуудэд  худалдах зэрэг үйлдэл гаргадаг ажээ. Тиймээс ямар ч тохиолдолд бусдад фото зураг, дуу, дүрс бичлэгээ өгөхгүй байх, хэрэв алдсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг санууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top