0-3 насны хүүхдүүд одоогоор цэцэрлэгт ХАМРАГДАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.08.04) боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийлээ. 


2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг, даалгавар авлаа. Манай улс бусад орны адилаар өнгөрсөн хоёр жилийн турш хичээлийн шинэ жилээ хаасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан. Сургуулийн насны гурван хүүхэд тутмын хоёр нь хоцрогдолд орсон гэдэг тооцоо байна. НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО тооцооллоор сурлагын хоцрогдол, сэтгэл санааны хохиролд орсон бодит аюултай дэлхий нийт нүүр тулж байна.

Хичээл, сургуулийг нээх үндэслэл нь хичээлийн хоцрогдол үүссэнтэй холбоотой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд интернэт, телевиз, цахилгаангүй 185 мянган хүүхэд хоцрогдолд орсон бол цахимаар хичээллэснээр нийтдээ 470-500 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна. Иймд танхимын болон танхимын бус байдлыг хослуулж, хичээлийн шинэ жилийг нээнэ. Сургууль цэцэрлэгийн багш нарын вакцинжуулалт 90 гаруй хувьтай, 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 орчим хувьтай байгаа тул хичээл, сургуулийг нээх боломж нээгдсэн гэж үзэж байна.  Гэхдээ том эрсдэл байна, 0-11 насныхны дунд өвчлөл өндөр байна. КОВИД халдвараар 180 мянган хүн өвдөж, 20 хувь нь хүүхэд, тэр тусмаа вакцинд хамрагдаагүй хүүхдийн өвчлөл их байна. Өөрөөр хэлбэл, КОВИД туссан таван хүн тутмын нэг нь хүүхэд байна.

Цэцэрлэгт 4, 5 настай хүүхдүүдийг хамруулах ба танхим болон танхимын бусаар нээнэ. Тав хоног гэртээ байна, тав хоног цэцэрлэгтээ ирнэ. Ерөнхий боловсролын сургууль ч мөн адилхан. Тав хоног гэртээ, тав хоног сургууль дээрээ хичээллэнэ. Ногоон бүс гэж үнэлэгдсэн газруудад бол 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлнэ. Цаашлаад есдүгээр сарын 13-наас танхимаар эхэлнэ. ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хугацаанд зохион байгуулна. Халдвартай хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй тохиолдолд хоёр дахь шалгалтыг зохион байгуулна. Иймд МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 13-наас эхлүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн.  

КОВИД-19 халдварын үед 0-3 насны хүүхдүүд хамгийн эрсдэлтэй бүлэгт орж байгаа. Тиймээс томуугийн вакцинжуулалтыг харж байгаад шийдвэр гаргана.  Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас танхимаар хичээллэж байгаа өдрүүдэд "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжинэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг(64.119.16.100) 2021 оны 08 сарын 04

Юу хуцаад байгаан бэ хүүхдээ хэнд харуулж яаж ажилаа хийх юм бэ эсвэл 2.3 настай хүүхэдтэй эцэг эхдээ засгийн газраас мөнгөө өглдөө тэгүүл хүүхдээ хараад өгсөн мөнгөөр чинь банкны зээлээ хийгээд гэртээ байя лдаа 2.3 настай хүүхдийг гэртээ харах хүнгүй байлга гээд байгаамуу эсвэл аваад ажилдаа яв гээд бгаамуу малнуудаа.

0  |  0
Top