ЭЦА: Лавти улсын иргэн мөнгө угаасан хэргийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Латви улсын иргэн П-ийн мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байна. 

Энэ талаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Або плас” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 13-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн компанийг Латви улсын иргэн П гэх хүн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд үүсгэн байгуулсан бөгөөд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхэлнэ гэж бүртгүүлсэн байдаг. Үүсгэн байгуулснаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй боловч 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украйн зэрэг 13 улсаас 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Улмаар 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон.

Дээрх иргэний энэхүү үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тухайн компанийн арилжааны банкуудад эзэмшдэг данснаас гадаад улсууд руу шилжүүлэхээр захиалга өгөөд байсан 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хязгаарлалт тогтоосон" гэлээ.

 

Түүнчлэн уг хэрэгтэй холбоотойгоор мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс орон руу хүсэлтээ илгээснээс гурваас нь хариу ирүүлсэн байна. Мөн дээрх иргэн 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байгаа тухай мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top