ТҮЦ ажиллуулж буй иргэд эрх ашгаа хамгаалуулахыг хүслээ

2021 оны 08 сарын 24

ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр /2021.08.24/ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нар хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ТҮЦ эрхлэгчид Иргэдийн Хурлын даргад хандаж бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн баталгаагаар хангаж өгөхийг хүслээ. Улаанбаатар хотод ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хоёр ч холбоо байдаг. Мөн ТҮЦ ажиллуулж, амьжиргаагаа залгуулдаг иргэдээс гадна хэд хэдэн ТҮЦ эзэмшиж, түүнийгээ түрээслүүлэх замаар ашиг орлого олдог бүлэг хүмүүс бий гэдгийг тэд онцолсон юм. Иймд давхар түрээс авч, мөнгө хүүлэх хэлбэрээр ажилладаг бус дан ганц ТҮЦ ажиллуулж, өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг онцолж байлаа. 

Энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн ИТХ-ын Иргэдийн оролцоо өргөдөл, гомдлын дэд хорооноос ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй. Тиймээс ТҮЦ эрхлэгчдийн төлөөллөөс дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, энэхүү журмын төсөлд  саналаа нэгтгэж өгөх нь зөв гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэллээ. Мөн 2022.01.01-нээс хэрэгжиж эхлэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хот өөрийн дүрэмтэй болно. Тиймээс ТҮЦ эрхлэгчид цаашид хотын дүрэм болон нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх нийтлэг журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах шаардлагатайг онцолсон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top