Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна

2021 оны 08 сарын 25

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэн  худалдааг Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд зохион байгуулна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан, төрийн болон төрийн бус байгууллагын 23 төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, цахилгаан, цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, худалдаа, үйлчилгээний чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Хичээлийн шинэ жилийн өмнө сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон дүүргүүдэд бүртгэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос түрээсийн төлбөр авахгүй бөгөөд асар, цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн мөнгийг хамгийн бага хэмжээнд байхаар шийдвэрлэж буй юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top