ДЭМБ хумхааны эсрэг анхны вакцинд зөвшөөрөл олголоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 6-нд хумхааны эсрэг түүхэн дэх анхны вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгож, Африк тивийн бүх хүүхдэд хийхийг уриалжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус энэ шийдвэрийг түүхэн мөч хэмээн мэдэгдэж, энэ вакциныг хэрэглэх зөвлөмж нь аюулт халдварт өвчний ачааг хамгийн их үүрч яваа тус тивд итгэл найдварын очийг асаалаа гэж онцолсон байна.

ДЭМБ энэхүү шийдвэрээ Гана, Кени, Малави улсын явуулж буй судалгааны үр дүнд түшиглэн гаргажээ. 2019 оноос хойш явуулж буй вакцины эмнэлзүйн туршилтад эдгээр улсын 800 мянга гаруй хамрагдсан байна.

Хумхааны эсрэг “Mosquirix” нэртэй вакциныг Их Британид төвтэй “GlaxoSmithKline” компани 1987 онд бүтээжээ. Хэдийгээр тус вакцин албан ёсны зөвшөөрөл авч буй анхны хумхаа өвчний эсрэг вакцин хэдий ч үр дүн нь дөнгөж 30 хувь орчим бөгөөд дор хаяж дөрвөн тун хийх заалттай. Вакцины хамгаалалт хэдхэн сарын дараа мөн буурдаг байна. Гэсэн хэдий ч эл вакцин Африк тивд хумхаа өвчний тархалтыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Дэлхий дахинд жилд 200 сая хумхаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 400 мянган хүн нас бардаг байна.

Кембрижийн Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн захирал Жулиан Рэйнерийн хэлснээр, хэдийгээр энэ вакцин төгс биш ч олон зуун мянган хүүхдийг үхлээс аврах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top