Энэтхэгийн 70 орчим цахилгаан станцын нүүрсний нөөц дөрвөн хоногийн дараа дуусна гэж тус улсын NDTV телевиз мэдээлжээ. Төвийн эрх баригчдын харьяалалтай 135 цахилгаан станцын 115 нь түлшний хомсдолд ороод байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Энэтхэгийн Засгийн газар өсөн нэмэгдэж эрэлтийг хангах үүднээс эрчим хүч үйлдвэрлэгчдэд нүүрсний импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгожээ. Гэвч энэхүү шийдвэр нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өсөхөд хүргэж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байна.
Үүнтэй зэрэгцэн тус улсын зарим муж цахилгаан эрчим хүчийг өндөр үнээр бирж дээр борлуулж эхэлжээ. Шинэ Дели ийм арга хэмжээ авч буй мужийг холбооны нөөцийн цахилгаан хангамжаас тасална хэмээн анхааруулсан байна.
Энэтхэгийн нүүрсний аж үйлдвэрийн сайд Пралхада Жошигийн мэдэгдсэнээр, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж, коронавирусний халдвар буурахтай зэрэгцэн эдийн засаг сэргэж эхэлсэн болон нүүрс нийлүүлэгч бүс нутгуудад үргэлжилсэн бороо орсны улмаас олборлолт буурсан нь хар алтны хомсдолд хүргээд байна.
Гужарат, Пенжаб, Ражастан, Тамилнад, Чхаттисгарх, Делигийн Үндэсний Нийслэлийн Нутаг дэвсгэр зэрэг мужууд цахилгаан эрчим хүч тасалдахад хүрч болзошгүй гэж анхааруулжээ. Делигийн ерөнхий сайд Арвинд Кежривал Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид хаягласан захидалдаа цахилгаан станцуудын нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол нийслэл хот ойрын үед цахилгаангүй болох эрсдэл үүссэн тухай анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )