Маркетеруудын өдрийн баярын мэнд хүргэе

2021 оны 10 сарын 20

10-р сарын 20-ны энэ өдөр бол Монголын маркетингийн салбарын түүхэн өдөр. Тэртээ 2008 оны 4 сарын 28-ны өдөр бизнесийн салбарын олон зуун маркетеруудыг нэгтгэн "Залуу маркетер клүб"-ийг үүсгэн байгуулж байсан нь өнөөгийн “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын үндэс суурь байсан. Цаг хугацаа хөгжихийн хэрээр бидний зорилго, зорилт, алсын хараа өргөжин тэлж, хамрах хүрээ нэмэгдсэн. 2013 оноос эхлэн маркетер хүний үнэ цэнийг таниулах, ажлын байран дээрх андуу ташаа ойлголтыг арилгах, тэдний сурч, хөгжих болмжийг нэмэгдүүлэх, дэлхийн туршлагыг судлах, үндэсний брэндийг бий болгох зорилгоор "Монгол маркетеруудын анхдугаар чуулган"-ыг зохион байгуулж, түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Бидний 10 жилийн турш энэ салбарын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг таниулсан ажлуудын үр дүнд Монгол улсын засгийн газрын 2018 оны 10-р сарын 31-ны өдрийн 334-р тогтоолоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг Монгол "Маркетеруудын өдөр" болгон тэмдэглэхийг албан ёсоор журамласан.

Өнөөдөр маркетинг гэдэг нь зөвхөн зар сурталчилгаа, реклам биш гэдгийг хүн бизнес эрхэлж байгаа хүн бүр мэддэг болжээ. Маркетингийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр бизнес хэрхэн өсөж дэвшиж болдогийг, өөрсдийн бүтээсэн үнэ цэнээ хэрэглэгчдэд хэрхэн хүргэж болдогыг бид харж байна. Энэ салбарт бий болж буй шинэ мэдлэг, мэдээллийг Монголын маркетерууд цаг алдалгүй суралцаж, бизнестээ, үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадаж байна. Зөвхөн бизнесийн байгууллага гэлтгүй төрийн байгууллагууд ч гэсэн үйл ажиллагаандаа маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээс үр дүнд хүрч болохыг ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Unfreind”, “1 хором”, “Яараад яахав дээ” зэрэг сошиал аяны үр дүнгүүд илтгэж байна. Бидний бүтээсэн, сэтгэсэн маркетингийн ажлууд зөвхөн монголдоо биш дэлхийд үнэлэгдэж, танигдаж эхлээд байна.

Энэ бүхний үндэс нь маркетингийн салбарын ач холбогдол, маркетер хүний үнэ цэнийг нийгэмд зөв таниулахын төлөө хичээн зүтгэсэн салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, агентлагууд, маркетерууд та бүхний хичээл зүтгэл гэдгийг онцолмоор байна.

"Монголын Үндэсний Маркетингийн Холбоо" ТББ-ын үе үеийн Удирдах Зөвлөлийн гишүүд, идэвхийлэн дэмжсэн дэмжигчид, ажлын албаны ажилчид, нийт маркетерууд, хамтран ажилласан та бүхэндээ Монголын “Маркетеруудын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн гүнээс талархаж буйгаа илэрхийлж байна.

 

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо ТББ

#MD1020 #MarketersDay2021 #MNMA

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top