Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап төв”-ийн нээлт өнөөдөр /2020.09.09/ Дорнод аймгийн төв Чойбалсан хотод боллоо. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжигч, хамтын оффисын соёлыг дэлгэрүүлэгч "SMS" /Startup Marketing Space/ төв болон Дорнод аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан энэхүү "Старт-ап төв" нь орон нутагт нээгдэж байгаа анхны хамтын оффис юм.
Чойбалсан хотын “Старт-ап төв”-ийг Орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд залуусын гарааны бизнесийг дэмжих, гарааны бизнес эрхлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлж ажиллах юм байна. Хүний хөгжлийн ордонд байрлах "Старт-ад төв" нь нийт 164 мКв талбайтай, нэг дор 25 гарааны бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой ба 40-50 хүний багтаамжтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах боломжтой ажээ.
“Старт-ап төв”-ийн нээлтийн үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Өнөөдөр Дорнод аймагт түүхэн үйл явдал болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Чойбалсан хотод “Старт-ап төв” нээхээр ярилцаж, энэ оны төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгасан юм. Нийслэлийн дараа манай аймаг хамгийн анхны хамтын оффисийг байгууллаа. Монголын зүүн хязгаараас эхэлж нар манддагтай адил Монголын сайн сайхан бүхэн Дорнод нутгаас эхэлж байх учиртай. Залуучуудыг нэгнээсээ суралцаж, хамтарч ажиллан амжилтад хүрэхийг хүсэж байна. Дорнодоос төрөн гарсан гарааны бизнесүүд өргөжиж, Монгол Улсын хэмжээнд, цаашлаад дэлхийн зах зээлд гарахыг ерөөе. Энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн аймгийнхаа ИТХ-д талархал илэрхийлье” хэмээн үг хэллээ.
Мөн “SMS” төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “Наран ургах зүг, аавынхаа төрсөн нутаг, өвөөгийнхөө 18 жил ажилласан Дорнод сайхан нутагтаа залуучуудын гарааны бизнесийг дэмжихээр ирсэндээ баяртай байна. Залуучуудаа дэмжиж бодит хөрөнгө оруулалт хийсэн Дорнод аймгийн удирдлагуудад талархсанаа илэрхийлье. Дорнод аймгийн онцлог брэндийг гаргаад Монгол Улсын хэмжээнд бүтээгдэхүүнээ хүргээд цаашлаад олон улсын зах зээлд гаргах амбицтай компаниуд эндээс төрнө гэдэгт итгэлтэй байна. Дэлхий даяар гарааны бизнес хурдацтай өсөж байгаа. Тиймээс бүгдээрээ хамтдаа дэлхийн зах зээлд сая ам.долларын үнэлгээ компанийг гаргахын төлөө зүтгэе. “SMS” төвийн зүгээс та бүхнийг үргэлж дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагаа Дорнод дахь салбартаа хэрэгжүүлнэ гэж амлаж байна. Маргаашаас эхлээд шинэ санаагаа ажил хэрэг болгох бүтээлч оролдлогууд “Старт-ап төв”-д маань өрнөнө гэж бодож байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ene ch hudlaa daa. Dornodod lav ogt heregjdeggui. HHUG ni avligadaa barigdsan darga ni mungu nehne, avliga avna tanil tal ... estoi hudlaa. Manai dornod aimagt lav 10 iig shalguurah bol 1 yumuu 2 ni unen zuv bodit 90% ni hudal huuramch
Монголоор нэр өгч болдоггүй юм уу.Англиар юу гэж бичсэн юм бол.Гадаад хэлтэй хүмүүст зориулсан төв юм уу эсвэл гадаад хүмүүст үйлчилдэг газар юм уу