Эдийн засгийн гайхамшиг: Энэтхэгийн венчур зах зээл

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурд, хэмжээг мэдэхгүй хүн байхгүй ч венчур зах зээлийнх нь талаар тэр бүр мэддэггүй. Энэ нь удаан хугацааны турш Цахиурын хөндий, Хятадын зах зээлийн сүүдэрт дарагдаж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд Энэтхэгт технологийн стартапуудын тоо, технологийн салбарын хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж байлаа. Венчур хөрөнгө оруулагчид Цахиурын хөндий, Big Tech, Хятадын технологийн аваргуудад анхаарлаа хандуулж байх үед Энэтхэг эдийн засгийн гайхамшгийг чимээгүйхэн бүтээсээр. Тус улс стартапуудын тоогоор Хятадыг гүйцэж, технологийн салбарын хөрөнгө оруулалтаараа зөвхөн АНУ-ын ард явна.

2024 онд Энэтхэгт венчур хөрөнгө оруулалт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2023 оныхоос 1.4 дахин өсжээ. Венчур хөрөнгө оруулалт татсан стартапуудын тоо 30 мянгыг давж, зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.долларыг давсан стартапуудын эгнээ зуугийн босгыг давжээ. Энэ үзүүлэлтээрээ Энэтхэг улс дэлхийд хоёрт орсон ч сонирхолтой нь эл амжилт нь дэлхийн анхаарлын төвд ороогүй л байна.

Давуу тал болсон хоцролт

Арван жилийн өмнөхөн Энэтхэгийн венчур экосистем тэс өөр харагдаж байлаа. Хөрөнгө оруулагчид хүнд суртал ихтэй, хөрөнгийн хомстолтой, цахимжилтын доогуур түвшин технологийн компаниудын хөгжлийг нь хазаарлаж байсан тус зах зээлд үл итгэх байдлаар хандаж байв.

Харин 2016 он эргэлтийн жил байжээ. Тухайн үед Энэтхэгийн засгийн газар “Startup India” хөтөлбөрийг эхлүүлж, Jio оператор компанийн үүрэн интернэт олон сая хэрэглэгчдэд хүрчээ. Удалгүй цахим төлбөрийн систем цаасан мөнгийг халж, банкнууд санхүүгийн технологийг идэвхтэй дэмжиж эхэлсэн байна. Энэ бол хоцрогдол давуу тал болж хувирсан ховор тохиолдол байлаа. Дэд бүтэц нь хөгжсөн зах зээлийг бодвол Энэтхэг нь дижитал эдийн засгийг тэгээс эхлүүлэхдээ АНУ, Европын туулсан үе шатыг алгасах боломжтой байв.

Хэрэв 2014 онд Энэтхэг улс дэлхийн стартапуудын төв болно гэж хэн нэгэн хэлсэн бол итгэх хүн олдохгүй байсан биз. Харин одоо Byju’s, Ola, Swiggy, Zerodha, Dream11 зэрэг нь зөвхөн үндэсний компаниуд төдийгүй олон зуун сая хэрэглэгчтэй дэлхийн хэмжээний бизнесүүд болжээ. Эл тэсрэлтийн гол хөдөлгөгч хүч нь тус зах зээлийн хэмжээ, хүн ам зүйн хүчин зүйлс болсон нь нууц биш юм. 1.4 тэрбум хүн амтай, дэлхий дээрх хамгийн залуу хүн амтай /дундаж нас нь 28/ тус улс технологийн хөгжлийн хувьд төгс орчныг бүрдүүлж байна. Төрийн хяналт нь венчур хөрөнгө оруулалтыг боомилж байгаа Хятад улсыг бодвол Энэтхэг улс нь гаднын хөрөнгө оруулалтад нээлттэй бөгөөд төрийн зохицуулалт нь харьцангуй чөлөөтэй хэвээр байгаа. Тус улсад асар хүчтэй IT салбар бүрэлдэж, Google, Microsoft  Amazon компаниудад инженерүүдийг нийлүүлж байна. Харин өдгөө үндэсний корпорацуудынхаа хүний нөөцийг хангаж эхэлжээ.

Венчур хөрөнгө оруулалтыг мөн хэрэглээний далайц татаж байна. 900 сая гаруй интернэт хэрэглэгч цахим боловсрол, цахим худалдаа, хүргэлт, санхүүгийн технологи, алсын зайн анагаах ухаан зэрэг салбарыг эрэлтийг бий болгож байна. Эдгээр хүчин зүйл нь Энэтхэг улсыг бизнесийн шинэ загварыг турших төгс талбар болгож байна.

Тус зах зээл гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг зүй ёсоор татна. Сүүлийн жилүүдэд Sequoia Capital, SoftBank, Google зэрэг венчур сан болон технологийн аваргууд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Энэтхэгийн стартапуудад оруулжээ. Зах зээлийн хэмжээ болон аливаа сорилтод дасан зохицох чадвар бүхий орон нутгийн компаниуд үүнд нөлөөлж байна.

Инновацын хөгжилд саад болж буй тотгорууд

Цахимжилт сэтгэл хөдөлгөм хурдаар эрчимжиж байгаа ч тус улсыг зорих инноваторууд орон нутгийн бизнес орчинд олон саад тотгортой нүүр тулдаг байна. Ийм бэрхшээлүүдийн нэг нь хүнд суртал. Компанийн бүртгэл, лиценз авах, татварын баримт бичгийг бүрдүүлэх үйл явц тус улсад асар удаашралтай. Хуулийн болон санхүүгийн туршлагатай зөвлөхүүдийн үйлчилгээ авах зэрэг стартапууд амьдралынхаа эхэн үед ихээхэн зардал гаргах шаардлагатай болдог. Шинэ тоглогчид маш олон хүчин зүйлийг тооцоолох хэрэгтэй болдог байна.

Мөн санхүүжилттэй холбоотой хүндрэл бий. Үндэсний венчур сангийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа ч Энэтхэгийн хөрөнгө оруулагчид илүү “нас гүйцсэн” компаниудад хөрөнгө оруулахыг илүүд үздэг байна. Тэд олон мянган стартапын дундаас алт хайх эрсдэл үүрэхийг хүсэх нь бага. Технологийн нийслэл болох Бангалор, Мумбаигаас гадна төвлөрсөн орон нутгийн стартап уламжлалт хөрөнгийн эх үүсвэрээс таслагдсан байдаг нь венчур экосистем эдгээр хотуудад төвлөрсөнтэй холбоотой.

Хэрэглэгчдийн дадлын хувьд энэтхэг хэрэглэгч илүү хуучинсаг бөгөөд аливаа шинэ зүйлд хойрго ханддаг. Тиймээс залуу компаниудад бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг батлахын тулд хоёр дахин илүү хүчин чармайлт гаргах, маркетингдаа их хэмжээний зардал гаргах шаардлагатай тулгардаг. Хэрэв стартап компани томоохон корпорацууд ноёрхож байгаа сегментэд орохыг хүсвэл асар ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулна гэсэн үг. Тус улсад байр сууриа бэхжүүлсэн уламжлалт компаниудад инновацыг “хуулж”, өөрийн брэнд нэрээр илүү хямд өртгөөр санал болгоход илүү хялбар байдаг байна.

Гэсэн хэдий ч Энэтхэгийн венчур зах зээлийг гэгээлэг ирээдүй хүлээж байна. 2030 он гэхэд тус улс хөрөнгө оруулалтаараа Хятадыг гүйцэж, нэг тэрбум ам.доллароос илүү үнэлгээтэй стартапуудын тоо нь хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед Энэтхэг нь Цахиурын хөндийтэй өрсөлдөхүйц цорын ганц бодит сонголт гэж харагдана.

Энэтхэгийн венчур экосистем нь сорилтууд нь дэвшлийн хурдасгуур болдог парадокс үзэгдэл юм. Магадгүй энэ чадвар нь хязгаарлалтыг боломж болгож, дэлхийн стартапуудын талбарт Энэтхэгийн ирээдүйг тодорхойлох тэр хүчин зүйл нь болно.

Энэтхэг улс дэлхий дээрх хамгийн динамик венчур экосистем гэсэн статусаа бэхжүүлсээр байна. Сүүлийн 10 жилд тус улс технологи, бизнес, хөрөнгө оруулалтаараа чанартай үсрэлт хийсэн. Харин Энэтхэг нь хүрсэн амжилтаа бататгах төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтворгүй нөхцөлд энэ өсөлтөө үргэлжлүүлж чадах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.52) 2025 оны 06 сарын 28

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu