Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Оюун санааны болон Стратегийн түншлэл: Монгол ба Энэтхэг – Дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хүндэт зочноор оролцов.
Монгол, Энэтхэгийн эрдэмтэн судлаачид болон төр, иргэний нийгмийн төлөөллүүд “Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа”, “Энэтхэг судлал” зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, улс төр, эдийн засаг, түүх, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өрөгжүүлэн гүнзгийрүүлэх гарц, боломжуудыг хэлэлцэн тодорхойлов.
Эрдэм шинжилгээний хурал нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх, хоёр улсын харилцааны үнэ цэнэ, хөгжлийн үе шат, цаашдын стратегийн чиг хандлага, хөгжлийн төлөвийг тодорхойлж, хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй, өндөр түвшинд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )