Ойрх Дорнодын орнуудад чип худалдах зөвшөөрөл олгох нь зөв гэдэгт эргэлзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Ойрх Дорнодын орнуудад өндөр технологийн чип их хэмжээгээр худалдах зөвшөөрөл олгох тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын төлөвлөгөө нь уг чипүүдийн зарим хэсэг нь Хятадын гарт очиход хүргэж болзошгүй гэж Америкийн засаг захиргааны хэд хэдэн албан тушаалтан болгоомжилж байгаа ажээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр, БНХАУ Ойрх Дорнодын улсуудтай бат бөх харилцаатай байдгийг харгалзан үзвэл чипүүдийн зарим хэсгийг Хятадад дамжуулан худалдах магадлалтай хэмээн Америкийн засаг захиргааны БНХАУ-д дайсагнах хандлагатай зарим төлөөлөгчид үзэж байна.

Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улстай АНУ-ын байгуулсан хэлэлцээрт чипүүдийг Хятадад худалдахыг хориглосон заалт орсон хэдий ч хэлэлцээрт тусгагдаагүй нэлээд олон эд анги байгаа ажээ. Ойрх Дорнодод чип нийлүүлэх хурдыг ядахдаа сааруулах боломжийг Вашингтон судалж байгаа гэнэ.

Их хэмжээний чип, түүний дотор хиймэл оюун ухаан ашиглахтай холбоотой технологийн салбарт хэрэглэдэг чипүүдийг гадаадад гаргах нь үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлүүлнэ Америкийн засаг захиргааны зарим төлөөлөгч үзэж байна. Харин Америкийн процессоруудыг экспортлохыг дэмжигч түшмэд нь Америкийн чипүүдийг худалдан авах хүслийг улс орнуудад төрүүлэхгүй бол үүссэн хоосон орон зайг Хятадын процессорууд эзэлнэ гэж үзэж байгаа аж.

Доналд Трамп Nvidia компанийн өндөр технологийн 1 сая гаруй чипийг АНЭУ-д нийлүүлэхийг зөвшөөрөх бодолтой байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu