Вьетнам мөрөөдөл: Ханой чипийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч болох уу

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Эрчимтэй хөгжиж буй Вьетнам орон олон улсын, тэр тусмаа АНУ, ОХУ зэрэг томоохон гүрнүүдийн анхаарлыг татах болсон. АНУ хагас дамжуулагч нийлүүлэгчийн хувиар тус улсыг илүү сонирхож байна. Гэвч хуучин ЗХУ-ын тусламжтай хагас дамжуулагчийн үйлдвэрүүдээ барьсан Ханойн өмнө амаргүй зорилт хүлээж байна. Вьетнамд энэ салбарт тэргүүлэгчдийн эгнээнд орох боломж бий юу?

Ирээдүйтэй чипийн хаб

Вьетнамын хагас дамжуулагчийн салбарын түүх 1970-аад оноос эхтэй. 1979 онд Ханой хотноо Z181 хагас дамжуулагчийн үйлдвэр ашиглалтад оржээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хуучин ЗХУ болон социалист лагерийн улс орнууд нийлүүлж байв. 1990-ээд оны үед Вьетнам Дой Мой эдийн засгийн шинэчлэл явуулж, гаднын хөрөнгө оруулалтад үүд хаалгаа нээсний дараа өрнөдийн компаниуд Вьетнамыг сонирхож эхэлсэн байна. 2010-аад онд хагас дамжуулагчийн салбарын хөрөнгө оруулалтууд Вьетнам руу цутгаж эхэлжээ. Вьетнамын эрх баригчид тус салбарыг стратегийн тэргүүлэгч ач холбогдолтой салбар хэмээн тунхаглаж, татварын хөнгөлөлтөөр гаднын хөрөнгө татаж эхэлсэн байна. Япон, Европ болон АНУ-ын компаниуд хямд ажиллах хүчтэй Вьетнамд цахилгаан бараа бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ нээж эхлэв. 2012 онд Вьетнамын засгийн газар хагас дамжуулагчийг гол бараа, үйлчилгээний жагсаалтад оруулсан байна. Вьетнамын хагас дамжуулагчийн салбарын хөгжлийн амжилт нь тус улсад үйл ажиллагаа явуулж байсан 30 гаруй гаднын компаниудын идэвх зүтгэлтэй холбоотой. Ийм замаар дэлхийн үйлдвэрлэгчид чипийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг төрөлжүүлэхийг зорьж байна. Ялангуяа Бээжин, Вашингтоны харилцаа муудахтай зэрэгцэн Apple, Google болон Dell компаниуд Вьетнам дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Вьетнамын амбиц

Вьетнамд саяхныг хүртэл нэмүү өртөг багатай угсрах үйлдвэрүүд байв. Дөнгөж 2014 онд Вьетнамын “FPT Semiconductor” компани чипийг боловсруулан, хөгжүүлэх үйлчилгээг нэвтрүүлжээ. 2017 онд тус улсад Viettel бичил схем боловсруулах анхны төв нээгджээ.

Вьетнам нь Өмнөд Солонгос, Тайваний амжилтыг давтахыг мөрөөдөж байна. АНУ-ын хөрөнгө оруулалт, технологи нь энэ мөрөөдлийг бодит амьдралд хэрэгжүүлэх боломжийг олгох юм.

Сүүлийн жилүүдэд тус хоёр улсын харилцаа жинхэнэ цэцэглэлтийн үед хүрээд байна. Ялангуяа чип үйлдвэрлэлийн салбарт. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын ашиг сонирхлын нэгдэл дээр суурилж байна. АНУ Хятадын чипийг Вьетнамын бүтээгдэхүүнээр орлохыг зорьж байна.

Хятад, Америкийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Японы тал “Samsung Electronics” болон “SK Hynix” компаниудыг Хятадаас явж, экспортынхоо зах зээлийг төрөлжүүлэхийг мөн ятгаж байна. Өдгөө Вьетнамд Samsung, Apple гэх ухаалаг утасны хоёр том компанийн үйлдвэрүүд шилжиж байна. Тиймээс Вьетнам нь Солонгосын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн гол зах зээл нь болж байна.

Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Вьетнамд хийсэн саяхны айлчлал тус улсын хагас дамжуулагчийн салбарын ирээдүйн зам тийм ч дардан бус гэдгийг харуулав. Нэг талаас АНУ нь Вьетнамын өндөр технологийн хөгжилд хөрөнгө оруулахад бэлэн байна. Нөгөө талаас, тус улс дахь гол актив болон үйлдвэрлэлийг гаднын, тэр дундаа АНУ-ын компаниуд хянаж байна. Энэ нь Вьетнамын технологийн хараат бус байдал, тус улсын нутаг дэвсгэрт бичил чипийн үйлдвэрлэлийг төвлөрүүлэх боломжийг сулруулж байна.

Яг ийм нөхцөл байдал Өмнөд Солонгос, Тайваньд ажиглагдаж байжээ. Гаднын капитал мөн л тус салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байж. Гэхдээ БНСУ, Тайвань хоёр өөрсдийн технологи, инженерийн нөөц боломжоо бэхжүүлж, гаднын тоглогчдоос хараат бус байдлаа тодорхой хэмжээгээр хангаж чадсан байна. Тиймээс Вьетнамд хөршүүдийнхээ туршлагаар ижил замыг туулах шаардлага гарч ирж байна.

Чөлөөт худалдааны зөөлөн хүч ба дэд бүтцийн хатуу гар

Вьетнамын цахим аж үйлдвэрийн хоёр хөдөлгөгч хүч бий гэж шинжээчид онцолжээ. Энэ нь хөрөнгө оруулалт болон гаднын технологийн аваргуудыг татах эдийн засгийн бодлогын “зөөлөн хүч” ба шинжлэх ухааны кластер байгуулах, инкубаторыг дэмжих зэрэг дэд бүтцийн шинэчлэлийн “хатуу гар” юм.

Тус улс АСЕАН-ы гишүүн орнууд болон АНУ, БНХАУ, Их Британи, Израил болон Хонконгтой чөлөөт худалдааны гэрээ байгуулах замаар чипийн үйлдвэрлэл, экспортоо хөгжүүлэн, өргөжүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Энэ хүрээнд зарим цахилгаан барааг татвараас чөлөөлж байна.

Үүний дүнд Вьетнам нь АНУ-ын худалдааны томоохон түншүүдийн жагсаалтад долоод орж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар, тус хоёр улсын худалдааны эргэлт 46.5 тэрбум ам.долларт хүрснээс АНУ Вьетнамаас 43.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, гурван тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Ингэхдээ Вьетнам нь хагас дамжуулагчийн нийлүүлэлтээр Тайван, Малайзын араас гуравт жагсаж байна.

Мөн Вьетнамд татварын хөнгөлөлтүүд үйлчилж байна. Хагас дамжуулагчийн салбарт хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдэлдэг бол  аж үйлдвэрийн паркууд хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн сургалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлдэг байна. Мөн хотын хөтөлбөрүүд хэрэгжинэ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын тодорхой төслүүдэд найман сая ам.доллар хүртэл санхүүжүүлэлт олгодог байна. Ижил төрлийн практик Хятадад ч бас бий. Тухайлбал, Шанхай хот бичил чипийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлтэй холбоотой төсөлд 14.6 сая ам.долларт хүртэл санхүүжилт олгодог бол Бээжин робот техникийн салбарт тусгай бичил схем боловсруулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

“Intel” компанийн Ази, Номхон далай, Японыг хариуцсан ерөнхий менежер Стив Лун олон улсын технологийн томоохон компаниудын Вьетнамд татагддаг хэд хэдэн хүчин зүйлсийг нэрлэжээ. Эдгээр нь чөлөөт худалдаа, улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай бодлого болон залуу, боловсролтой ажиллах хүч.

Вьетнам хагас дамжуулагчийн гүрэн болоход юу саад болж байна вэ

Вьетнам тодорхой шалтгаанаар нарийн, дэвшилтэт хагас дамжуулагчийг одоогоор үйлдвэрлэх боломжгүй байна. Тус зах зээлийг тэргүүлэгч Тайванийг гүйцэх гэж хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж буй БНХАУ, АНУ хүртэл нэг алхам ард хоцорсоор байгаа.

Хагас дамжуулагчийн салбарын гол тоглогч болох “TSMC” компанийн үүсгэн байгуулагч Моррис Чаны ярьснаар, Тайванийг гүйцэх оролдлого нь өндөр өртөгтэй ашиггүй дасгалтай ижил. Тайванийн давуу байдлыг өөр оронд бий болгох боломжгүй. Гэхдээ нийлүүлэлтийн гинжин хэлхээний хоёр, гуравдугаар байрыг тогтвортой эзлэх боломж Вьетнамд бий. Гэхдээ үүний тулд тодорхой хүндрэлүүдийг даван туулах ёстой. Гол асуудал нь нарийн мэргэжлийн инженерүүдийн дутагдал. “CoAsia Semi” компанийн Ханой дахь салбар сүүлийн хэдэн жилд чип боловсруулах чадвартай 70 инженер олсон байна. Гэтэл 300 инженер шаардлагатай байжээ. “Rest of World” хэвлэлийн мэдээллээр, ойрын таван жилд Вьетнамд 15 мянган инженерийн ажлын байр эзэнгүй байна.

Вьетнамын Засгийн газар хүний нөөцийг бэлтгэх асуудал дээр “Samsung” компанид найдаж байна. Цагаан ордон энэ чиглэлд хоёр сая ам.долларын дэмжлэг үзүүлэх амлалт өгөөд байна.

Ингэхдээ хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт байр сууриа эзлэх зорилгоор өрсөлдөж байгаа бүс нутгийн бусад орнуудыг мартах учиргүй. Тухайлбал, Малайз АНУ-д хагас дамжуулагч нийлүүлэлтээрээ хоёрт бичигддэг. Энэтхэг нийлүүлэлтийнхээ хэмжээг 34 дахин нэмэгдүүлж, 15 сая ам.долларт хүргээд байна. Камбожийн нийлүүлэлт 698 хувь, Тайландынх 62 хувиар тус тус өсжээ.

Гаднын томоохон компаниуд Вьетнамд өөрийн үйлдвэр, салбаруудаа нээж байгаатай нэгэн адил бусад улс оронд ч хөрөнгө оруулж буй. Малайз улс “Intel” компанийн туршилт, угсралтын төв нь байсаар ирсэн.

Мөн Вьетнамыг одоогоор БНХАУ-ын хүчтэй өрсөлдөгч гэж харахад ч эрт байна. Хятадын хагас дамжуулагчийн экспорт 2021 онд Вьетнамын экспорттой харьцуулахад 5.9 дахин их байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top