Вьетнам, АНУ-ын компаниуд эрчим хүч, хиймэл оюун ухаан, дата төвийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Баримт бичгүүдийг АНУ-д болсон бизнес форумын үеэр байгуулсан байна. Тухайлбал, Вьетнамын газрын тосны “PetroVietnam” төрийн өмчит компани, АНУ-ын “Kellogg Brown & Root” компани хооронд эрчим хүчний технологи дамжуулах, “PetroVietnam”-ын охин компани болох “PTSC” болон “Excelerate energy” хооронд байгалийн шингэрүүлсэн хийн салбарт хамтарч ажиллах, “Sovico” групп, “Supermicro” компани хооронд хиймэл оюун ухаан болон дата төвийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Вьетнамын “Vietjet” компани, АНУ-ын “Honeywell Aerospace Technologies” компанитай 1.1 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Форумд Вьетнамын Ерөнхийлөгч То Лам оролцсон бөгөөд тэрбээр лхагва гарагт /2024.09.25/ Нью Йорк болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ. То Лам тус хоёр улсад хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад АНУ нь Вьетнамын томоохон хөрөнгө оруулагч улс болно гэдэг найдаж буйгаа илэрхийлжээ. АНУ-ын Засгийн газар Вьетнамыг зах зээлийн эдийн засагтай улс гэдгийг ойрын үед хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна хэмээн То Лам онцлов. Өмнөх сард АНУ-ын худалдааны яам Вьетнамыг зах зээлийн бус эдийн засагтай орны ангилалд хэвээр үлдээхээ мэдэгдэж байсан билээ. Вьетнам дахин хүсэлт гаргасан тохиолдолд АНУ-ын холбогдох яам, агентлагаас шийдвэр гаргахад хэдэн сар шаардагдах аж. Зах зээлийн бус эдийн засагтай орнуудад дэмпингийн эсрэг татвар ногдуулдаг тул Вьетнам нь тус ангиллаас гарах сонирхолтой байгаа юм.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 0 )