Тайваньд энэ сарын эхээр болсон асар хүчтэй газар хөдлөлт дэлхий дахины технологийн тогтвортой байдал нь чип, тэр дундаа хиймэл оюун ухааныг сургадаг хагас дамжуулагч үйлдвэрлэдэг хэдхэн үйлдвэрийн үйл ажиллагаанаас хамааралтай болохыг дахин харуулав.
Процессор болон бичил хагас дамжуулагч үйлдвэрлэх боломж нь шинэ үеийн хиймэл оюун ухаанаар хөөцөлдөх дэлхийн технологийн өрсөлдөөнд давуу тал төдийгүй дэлхийн эдийн засгийн амин чухал асуудал болсон тухай шинжээчид ярьж байна.
Эхний чичирхийллүүд
Хоёр долоо хоногийн өмнө хүн төрөлхтөнд технологийн амжилт нь ямар хэврэг болохыг сануулсан ээлжит нэг үйл явдал гарсан. Дөрөвдүгээр сарын 3-нд Тайваньд сүүлийн 25 жил гараагүй асар хүчтэй газар хөдлөлт болж, дэлхий дээрх хамгийн дэвшилтэд хагас дамжуулагч үйлдвэрлэгч “TSMC” үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсоход хүргэсэн билээ. Асуудлын цар хүрээг ойлгох, яагаад энэ үйл явдал танд хамаатайг тайлбарлахын тулд шинжээчид нэгэн баримтыг жишээ болгон тайлбарлажээ. Таны ухаалаг утас, зөөврийн компьютер болон ухаалаг гэрийн цахилгаан хэрэгслүүдийн процессорууд 99.99 хувийн магадлалтайгаар энэ л үйлдвэрт үйлдвэрлэгдсэн байж таарна.
Учир нь “TSMC” нь технологийн хувьд де-факто монопол юм. Тэднээс өөр хэн ч хоёр нанометрийн масштабд ажиллаж чадахгүй. Харьцуулахад хүний ДНХ-ийн гинжин хэлхээний диаметр үүнээс их буюу 2.5 нанометр байдаг.
Тиймээс л эхний чичирхийллүүд мэдрэгдэж эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн нь гайхах зүйлгүй. Тухайлбал, CNN дэвшилтэд чипийн 90 хувийг үйлдвэрлэдэг үйлдвэрийн түр зогсолтыг дэлхий дахины орших эс оршихын асуудал хэмээн тодорхойлсон бол Business Insider Тайвань нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс төдийгүй геополитикийн эрсдэлийн бүс гэдгийг гэнэт санав. БНХАУ-ын болзошгүй довтолгоо дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн гинжин хэлхээг тасалдуулж, дэлхий дахинд нийт 10 их наяд ам.долларын буюу дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учруулна гэж Блүмберг тооцоолж байлаа.
Гэхдээ түгшүүр удаан үргэлжилсэнгүй. Байгалийн гамшгийн улмаас үйлдвэрт ямар нэгэн хохирол, гэмтэл учраагүй гэсэн албан ёсны мэдэгдэл гарсны дараа энэ сэдэв олон нийтийн анхаарлаас гарсан билээ. Харин дараагийн газар хөдлөлт, үер эсвэл солир унах хүртэл таамаглах л үлдэж байна. Харин энэ үйл явдал шинэ үеийн хиймэл оюун ухаанаар хөөцөлдөж байгаа нөхцөлд дэвшилтэд технологи, ялангуяа хоёр нанометрээс бага хэмжээний бичил процессор үйлдвэрлэх технологийг эзэмших нь хий хоосон зүйл биш харин орших эсэх оршихын гол хүчин зүйл болоод буйг харуулав. Тэр бүү хэл энэ бол геополитикийн тулааны шинэ талбар юм.
Даяаршлыг ухраах нь
2019-2022 оны хооронд хүн төрөлхтөн хагас дамжуулагчийн хямралын “гайхамшиг”-ийг мэдэрсэн. Цар тахлаас үүдэн чип нийлүүлэлт удааширсны улмаас бүхэл бүтэн салбарууд зогсоход хүрэхэд дэлхийн томоохон улс орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх зорилгоор асар их хөрөнгө оруулалтыг цутгаж эхэлсэн. АНУ-д 2022 онд Чипийн тухай хууль батлав. Хуульд тус улсын нутаг дэвсгэрт хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэхэд 52 тэрбум ам.долларын хөрөнгийг улсын төсвөөс зарцуулах тухай тусгасан байна. Европын Холбоо мөн адил санаачилга гаргасан.
Ийм төслүүдийн гол зорилго нь тухай улс эсвэл макро бүс нутаг өөрийн нутаг дэвсгэртээ хэрэгцээнийхээ чипийг хөгжүүлэн, үйлдвэрлэх боломжоор хангах явдал юм. Өөрөөр хэлбэл хэрэв АНУ эсвэл Германд серверийн процессор эсвэл дроны эд ангийг олон арван мянгаар яаралтай үйлдвэрлэх шаардлага гарахад Азиас нийлүүлэлт ирэхийг олон сар хүлээлгүйгээр өөрсдөө үйлдвэрлэх чадвартай болох боломж юм.
Өнгөц харахад ийм санаачилга маргаан дагуулахаар. ХХ зуунд чинийн үйлдвэрлэлийг даяаршуулснаар, өөрөөр хэлбэл чипийн боловсруулалтыг АНУ-ын “Fabless” хийж, үйлдвэрлэлийг нь БНСУ, Япон эсвэл Тайваньд хариуцуулснаар хэрэглээний цахим хэрэгслийг эцсийн хэрэглэгчдэд хүргэсэн. Үүнээс ухрах үйл явц чип үйлдвэрлэлийн өөрийн өртгийг нэмэгдүүлж, ухаалаг утас зэрэг цахилгаан хэрэгсэл, барааны хүртээмжид нөлөөлөхөд хүргэнэ. Орчин үеийн хагас дамжуулагчийн үйлдвэр барих нь асар өндөр өртөгтэй, технологийн хувьд асар хүнд ажил. АНУ-д хоёр нанометр чип үйлдвэрлэх гурван үйлдвэр барих зорилго бүхий Аризонагийн төсөл нь жишээ нь 65 тэрбум ам.долларын өртөгтэй. Харьцуулахад одоогоор хүн төрөлхтний барьж байгуулсан хамгийн үнэтэй объект болох Олон улсын сансрын станцын өртөг 150 тэрбум ам.доллар байдаг. Харин 65 тэрбум ам.доллар гэдэг нь ийм төрлийн төслийн нийт өртөг ч бас биш. Энэ бол зөвхөн хэд хэдэн үйлдвэрийн барилгын зардал. Үүнд үйлдвэрийг хөгжүүлэн, ажиллуулахад зайлшгүй шаардлагатай шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалт, хүний нөөц бэлтгэх зэрэг зардал ороогүй. Гэхдээ ийм төслийг эдийн засгийн үр ашгийн талаас харвал эргэлзээ дагуулах нь бий. Харин энэ бол буруу хандлага юм. Хараат бус тооцооллын хүчин чадлыг үйлдвэрлэх нь даруй ашиг, орлого авчирдаг бизнес биш. Энэ бол хиймэл оюун ухааны хөгжлийг түргэтгэх замаар аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хангамж зэрэг бүхий л салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, улмаар улс орныхоо эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ бол хэтрүүлэг биш.
Цөмийн зэвсгээр хөөцөлдөхтэй нэгэн адил
Хиймэл оюуны хөгжлийн тухай шийдвэрүүд ямар их тулгамдсан чухал асуудал болсныг тоонууд харуулна. Энэ оны гуравдугаар сард “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ хоёр их наяд ам.долларыг давсан. Энэ нь БНСУ эсвэл Испанийн ДНБ-ээс их гэсэн үг. Энэ бол дээд хязгаар ч биш. Тус компанийн хувьцааны үнэ цаашид ч өснө. Учир нь “Nvidia” нь хиймэл оюуны ухааныг сургахад шаардлагатай график хурдасгуурын хамгийн том боловсруулагч юм. Энгийнээр хэлбэл, “Nvidia” компанийн технологи болон чипгүйгээр өнөөдөр генератив хиймэл оюун ухаан байхгүй байх байсан. Сургах боломжгүй байв. Харин эдгээр хурдасгуурын чипийг “TSMC” үйлдвэрлэдэг. Нөгөө саяхан газар хөдлөлтөд “сэгсрүүлдэг” үйлдвэр. Тэгвэл эдгээр процессорыг үйлдвэрлэх газаргүй болбол тус компани, хиймэл оюун ухааны салбар бүхэлдээ хэрхэхийг төсөөлөөд үз. Бид ChatGPT зэргийн тухай үүрд биш юм гэхэд хэдэн арван жилд мартана. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой юм.
Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх технологи, нөөц баялаг болон үйлдвэрлэлийн хүчин чадалтай байх нь хараат бус, өрсөлдөх чадвартай, аюулгүй байдлаа бүрэн хангасан аливаа эдийн засгийн амин чухал хөрөнгө.
Энэ нь яг л АНУ, ЗХУ-ын хооронд өрнөсөн цөмийн зэвсгээр хөөцөлдөх өрсөлдөөнтэй ижил. Тэр үед их гүрнүүдийн аюулгүй байдал пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем, хэзээ л бол хэзээ харвахад бэлэн цөмийн цэнэгт хошууны тоо зэргээс шалтгаалж байв.
Бүх зүйл ийм ноцтой гэдэгт итгэхгүй байна уу? Тэгвэл “Бид өрсөлдөөний шинэ эрин үеийн гараан дээр зогсож байна. Хиймэл оюун ухаан бидний амьдралын бүхий л салбарт орж ирж, өргөжин, инновацын хөгжлийн хурд улам хурдасна гэдгийг ойлгож авсан. Өрсөлдөгчид хиймэл оюун ухааны боломжийг бидний эсрэг ашиглахад бэлэн байна. Өрсөлдөгчид хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэхээр зорьж байна. Хиймэл оюун ухаан бүхий л салбарт үсрэлт хийж байна. Өнөөдөр бид хөдлөх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилнө. АНУ эдгээр өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явах учиртай” гэсэн үгийг саная. Энэ бол уран зөгнөлт тулаантай киноны баатрын бардамнал биш. Энэ бол АНУ-ын Үндэсний аюулгүй байдал, хиймэл оюун ухааны комиссын 2021 оны тайлан. Тайланд АНУ-ын аюулгүй байдал, давамгайлал нь хиймэл оюун ухааны хөгжилд шаардлагатай технологи, нөөц баялгийг бүрэн хянах замаар л хангах боломжтой гэж онцолжээ. Харин дэлхий дахины зорилт нь үйлдвэрлэл, технологи, нөөц баялгийг монополчлохоос урьдчилан сэргийлэх явдал юм. Ингэхийн тулд өрсөлдөгчийнхөө араас гүйх биш харин шинэ технологийн судалгаа, суурь шинжлэх ухаан, инженерчлэлд хөрөнгө оруулах нь чухал. Учир нь хуулбарлах нь геополитикийн мухардалд оруулна. Өрсөлдөгч тань таныг хуулбарлаад сууж байхыг хүлээхгүй. Энэ өрсөлдөөн ялах цорын ганц арга бол сүргээсээ тасарч, зорилгодоо хүрэх замаа товчлох явдал юм.
Сэтгэгдэл ( 0 )