АНУ-ын Ерөнхийлөгч Ойрх Дорнодод айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 13-16-нд Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улсад айлчлахаар болжээ.

Эр Риядад Цагаан ордны тэргүүн АНУ, Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тэрбээр АНУ-ын Ойрх Дорнод дахь үүрэг, оролцооны талаарх өөрийн байр сууриа илэрхийлнэ. Түүний Ойрх Дорнодод хийх айлчлал нь гэрээ, хэлэлцээр байгуулах, АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулалт татах зорилготой. Мөн Палестин, Израилын хямралыг зохицуулах талаар хэлэлцэхээр зэхэж байна. Катар улс нь Израил, Хамас бүлэглэл хоорондын хэлэлцээнд гол жуучлагчаар оролцож байгаа билээ. Газрын тосны үнийг бууруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. CNN сувгийн мэдээллээр, айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Пентагоны тэргүүн Пит Хегсет, сангийн сайд Скотт Бессент оржээ.

Айлчлалын үеэр хэд хэдэн гэрээ байгуулах хүлээлттэй байна. Энэ сарын 13-нд Саудын Арабд хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болох бөгөөд үүнд The New York Post сонины мэдээллээр, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх агентлагийн тэргүүн Илон Маск, хиймэл оюун ухаан, крипто валютын салбарын бодлого хариуцсан Дэвид Сакс, OpenAI компанийн тэргүүн Сэм Альтман, Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Boeing компанийн ерөнхий захирал Келли Ортберг зэрэг оролцох төлөвтэй байна. Айлчлалын үеэр Абрахамын хэлэлцээрийг өргөжүүлэх, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндөж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu