Агаарын чанарын автомат станцын нээлт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах төсөл”-ийн хүрээнд Хэрлэн суманд иж бүрэн тоног төхөөрөмж бүхий агаарын чанарын автомат станцыг суурилуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, БНСУ-ын Байгаль орчны корпорацын төслийн менежер Лий Дун Хуа, БНСУ-ын Байгаль орчны технологийн Кентек компанийн зөвлөх, доктор, профессор Чон Жан Ху болон холбогдох байгууллагын удирдлага, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон оролцлоо.

Шинэ станц нь агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын ислүүд болон PM2.5 тоосонцрын агууламжийг цаг тутамд буюу хоногт 24-өөс дээш удаа хэмжих боломжтой.

Агаарын чанарыг бодит цагийн горимоор тогтмол хэмжиж, олон нийтэд мэдээлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, улмаар амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.89) 2025 оны 09 сарын 17

Утаа буурчих арга бна уу энэ өвөл

0  |  0
Top