ТӨЛӨВЛӨГӨӨ | Агаарын бохирдлыг 5 жилд 55% бууруулна

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

-Таван жилд 14.9 их наяд төгрөгийг агаарын бохирдол бууруулахад зарцуулна-

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2026-2030 оны хооронд бууруулах төлөвлөгөөг танилцууллаа. Уг төлөвлөгөөгөөр таван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах 58 арга хэмжээг хэрэгжүүлж, 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй тухай тусгажээ.

Утааг яаж бууруулах вэ?!

Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төсөлд долоон бүлэгтэй байхаар тусгасан. Энэ төлөвлөгөөг батлагдсанаар УИХ-ын 53, 57, 119 дүгээр тогтоолын хэрэгжилт хангагдахаас гадна агаарын чанарын үзүүлэлт олон улсын түвшинд хүрнэ гэж ажлын хэсгээс дүгнэжээ.
 

  1. Хууль эрх зүйн стандартыг боловсронгуй болгох чиглэлээр 12 ажил /төсөв 105 сая төгрөг/
  2. Хатуу түлшний хэрэглээг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалттай холбоотой есөн арга хэмжээ /төсөв 4.7 их наяд төгрөг/
  3. Цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 17 арга хэмжээ /төсөв 9.8 их наяд төгрөг/
  4. Авто тээвэр буюу хөдөлгөөнт эх үүсвэрийн бохирдлыг бууруулах дөрвөн арга хэмжээ /олон улсын зээл тусламж, хувийн хэвшлийн санхүүжилтээр/
  5. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр 10 арга хэмжээ /төсөв 132 тэрбум төгрөг/
  6. Агаарын чанарын хяналт шинжилгээг сайжруулах чиглэлээр хоёр арга хэмжээ /төсөв 42.8 тэрбум төгрөг/
  7. Барилга байгууламжийн дулаан алдагдлыг багасгах, ногоон технологи нэвтрүүлэхтэй холбоотой дөрвөн арга хэмжээ /төсөв 8.3 тэрбум төгрөг/

Энэ төлөвлөгөө нь эхний хэлэлцүүлэгтээ явж байгаа бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, эрдэмтэн, судлаачдын саналыг дахин тусгана. Хэрэв энэ төлөвлөгөө батлагдвал агаарын чанарыг бууруулах зорилгоор дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Ташрамд дурдахад агаарын бохирдлыг бууруулах, утааны эсрэг чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгө оруулалтыг эх үүсвэр, бүтцээр нь ангилан үзвэл 2-2.5 их наяд төгрөг зарцуулсан гэх багцаа тооцоо байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top