Японы Засгийн газар эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нарын ганц охин болох гүнж Айко насанд хүрсэн баярыг тохиолдуулан аравдугаар сарын 12-нд ёслолын арга хэмжээ зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Гүнж Айко арванхоёрдугаар сарын 1-нд 20 нас хүрч, Японы хуулийн дагуу насанд хүрч байна. Гакүшүин их сургуулийн оюутан тэрбээр хичээлтэй тул ёслолын арга хэмжээг арванхоёрдугаар сарын 5-ны ням гарагт хийхээр болсон байна.
Хөтөлбөр ёсоор гүнж Айко эхлээд эзэн хааны гэр бүлийн шинто сүмд очиж, мөргөх гэнэ. Дараа нь Айко анх удаа ордонд урт өмсгөл өмсөж, эцгээсээ Ариун титмийн одон авах гэнэ. Энэхүү одонг эзэн хааны гэр бүлийн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд гардуулдаг уламжлалтай аж.
Гүнжид зүүх очир эрдэнийн титмийг Айкогийн авга эгч, гүнж асан Саякогоос “зээлж” авах гэнэ. 2005 онд Саяко энгийн хүнтэй гэр бүл болж, эзэн хааны гэр бүлийн гишүүн байх эрхээ алдсан билээ. Цар тахлын улмаас шинэ титмийн захиалгыг хойшлуулсан байна. Мөн ийм шалтгаанаар баярын хүлээн авалтыг цомхон хүрээнд хийх гэнэ.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида гүйцэтгэх засаглал болон ард иргэдийн нэрийн өмнөөс гүнжид баяр хүргэнэ.
Гүнж Айко 2020 онд Гакүшүин их сургуульд элсэн оржээ. Тэрбээр Японы уран зохиолыг гүнзгийрүүлэн судлахаас гадна англи, испани хэл үздэг байна.
Японы уламжлал ёсоор хаан ширээг зөвхөн эрэгтэйчүүд залгамжилдаг тул Айко хэзээ ч хатан хаан болохгүй. Гэсэн хэдий ч Японы олон нийт энэ дэг журмыг өөрчлөхийг дэмжихэд бэлэн гэдгээ санал асуулгаар илэрхийлсэн байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )