Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын ШУА байгуулагдсаны 60 жилийн ой 2021 онд тохиож байна.
ШУА-ийн эрдэмтэн судлаачдын энэ оны судалгааны зарим үр дүнгээс онцлох хүргэе.
1.
- Археологичид Унгар улсын Элчин сайдын яам, Унгар судлалын хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн малтлагаар хүний ясны он цаг, генетикийн судалгаа явуулж, үр дүнг Будапешт хотноо хуралдсан “Хүннү” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэв.
2.
- Биологичид Тарвагатайн нурууны Алаг ямаат орчмын нутагт 180 гаруй толгой янгирын сүрэг 0.83 бодгаль/км2 нягтшилтайгаар тогтвортой тархан байршиж, тоо толгой нь өсөж байгаа хэдий ч үржлийн эрчим нь буурах хандлагатай байгааг амьтан судлалын хээрийн судалгаанд анх удаа Мatrice 300 RTK загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тогтоов.
3.
- Коронавирус SARS-CoV-2 вирусийн геномын харьцангуй тогтвортой, өндөр дархлаа үүсгэх чадвар бүхий N уургийг сонгон ашиглаж уг вирусийн эсрэг дархлааны молекул болох эсрэг биетийг илрүүлэх ЭЛИЗА оношлуур гарган авч, хэрэглээнд нэвтрүүлэв.
4.
- Ургамалжлын хэв шинж, дэд хэв шинж, хэвшил, бүлэг эвшлийн 115 таниуртай зүүн бүсийн аймгуудын ургамалжлын 1:1,0 саятын хэмжээст зургийг шинэчлэн зохиов.
5.
- Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид загасны нөөц, усан орчны биологийн нөөцөд учруулсан хохирлыг үнэлэх аргачлал боловсруулсны зэрэгцээ “Хулдынханы овгийн загасыг үржүүлэх арга” патентыг оюуны өмчийн газарт мэдүүлэв.
6.
- Геологичид Төв Монголд илэрдэг эртний далайн үлдэц болох аккрецийн комплексын хурдас хуримтлалыг судалж, эртний далайн хаагдлын чиглэл болон цаг хугацаа, комплексыг бүрдүүлэгч магмын чулуулгийн найрлага, гарал үүсэл, микро амьтан агуулсан далайн ёроолын цахиурлаг хурдасны нас, тэдгээрийг хучих эх газрын терриген хурдас хуримтлалын эх үүсвэрийг тогтоох цогц судалгаа хийсний дүнд хангайн дүүргийн геологийн зураг шинэчлэгдсэн төдийгүй эртний геодинамик орчныг сэргээн босгох боломжийг бүрдүүлсэн шинэлэг үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэн, геологийн зураглалын ажилд нэвтрүүлэв.
7.
- Математик, тоон технологийн хүрээлэнгийн судлаачид палеонтологийн олдворын бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг боловсруулан, хэрэглээнд нэвтрүүлэв.
8.
- Царай таних хиймэл оюуны судалгаагаар гүн сургалтын аргад суурилсан 4.94 GB хэмжээтэй 10575 хүний 494414 ширхэг зураг агуулсан Casia-Webface өгөгдлийн сан бүхий төхөөрөмжийг зохион бүтээж, туршихад амны хаалтгүй хүнийг 96-99, амны хаалттай хүнийг 86 хувьтай таньж байв.
9.
- Одон орон, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид хүчтэй газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулах “Seiscomp” автомат системийг зохион бүтээж, нэвтрүүлснээр анхдагч мэдээллийг 1-2 минутын дотор ОБЕГ-т, хянасан мэдээллийг ОБЕГ болон олон нийтэд 10 минутад, дэлгэрэнгүй мэдээллийг“eq.iag.mn” цахим хуудсаар 20 минутад багтаан олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлэв.
10.
- “Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон 6.7 магнитудын газар хөдлөлтийн голомтын нарийвчилсан судалгаагаар хагарал нь Хөвсгөл нуурын баруун хойноос зүүн урагш чиглэлтэй бөгөөд баруун гарын шилжилттэй хэвийн хагарал болох, хагарлын зүүн талд нуурынхаа баруун эрэг орчимд 2 хэсэг газар хамгийн ихдээ 28см хүртэл суулт өгсөн зэргийг тогтоов.
11.
- Дэлхийн цэнэгт мандлын динамик процессын судалгааг үндэслэн соронзон вариацын станцаар түүн дэх электроны бүрэн агууламжийг үнэлэх арга зүйг боловсруулав.
12.
- “Springer Nature”-ийн захиалгаар хэвлүүлсэн Олон улс судлалын хүрээлэнгийн “Mongolia and the UK in the 20th century” бүтээл нь олон улсын 70 гаруй номын сан, судалгааны төвийн мэдээллийн санд оров.
13.
- Конрад Аденауерын сангийн дэмжлэгээр www.mori.ac.mn цахим санд тус хүрээлэнгийн судлаачдын 1978-1990 оны 800 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг байршуулав.
14.
- “Монголын Палеонтологи” сэтгүүл нь олон улсын ISSN дугаартай болж англи хэлээр хэвлэгддэг болов.
15.
- Теропод үлэг гүрвэл нь дөрвөн хөллөж явдаг байснаа урд мөч нь биеийн жинг тээж явах бус идэш тэжээлээ барих зориулалттай болж өөрчлөгдсөн биомеханикийн өөрчлөлтөөс үүдсэн урд мөч болон цээжний ясны анатомийн өөрчлөлтийг “Ухаа толгод”-оос олдсон Halszkaraptor escuilliei хэмээх үлэг гүрвэлийн олдвороос тодорхойлсон нь палеонтологийн болон хувьслын биологийн шинжлэх ухаанд анхных бөгөөд үлэг гүрвэлээс шувуу хэрхэн үүссэн, хувьслын туршид цээжний ясны анатомид орсон өөрчлөлтийн учир шалтгаан зэргийг судалж, үр дүнг “Nature”-ийн “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлэв.
16.
- Өмнөговь аймгийн нутагт тархалттай дунд хожуу пермийн нүүрстэй хурдасны эртний ургамлын судалгаанд тулгуурласан нүүрст хурдасны давхарга зүйн ангиллын нарийвчилсан схемээр пермийн үеийн сав газраас эртний кордаитын төрлийн ургамлын Cordaites duranteae Uranbileg, Cordaites longissimus Uranbileg, Cordaites gobiensis Uranbileg, Permocallipteris yamanussica Uranbileg гэсэн 4 зүйлийг шинжлэх ухаанд шинээр нэршүүлэв. Судалгааг гүйцэтгэсэн нутаг нь тухайн цаг үед одоогийн Оросын Сибирь, Алс дорнод, Байгалийн чанад дахь мужтай эртний газар зүйн нэг бүсэд хамаарагдаж байсныг болон ОХУ, хойд Хятадын хооронд орших нутаг нь экотон бүсийн хэв шинжтэй байсан гэдгийг шинээр тодорхойлов.
17.
- Миоцений цаг үеэс олддог бусад зүйлүүдээс илүү жижиг араатай нэгэн шинэ амьтныг нээж, тодорхойлон шинжлэх ухаанд Alloptox gudrunae хэмээх нэрээр нэршүүлэв.
18.
- Судар бичгийн хүрээлэнгээс Түүх, угсаатны зүйн хүрээлэн хүртэлх 100 жилийн түүхийг анх удаа тусгайлан судалж, “Монголын түүхийн судалгааны голомт” хамтын бүтээл туурвив.
19.
- Физикчид динамик кварктай бүтэн Квант хромодинамикийн онолоор, деконфайнмент фазын шилжилтийн орчимд кварк-антикваркийн хосын үүсгэсэн өнгөт цахилгаан, соронзон орон болон энергийн нягтын түгэлтийг кварк хоорондын зай, температураас хамааруулан судалж, динамик фермионууд нь кварк хоорондын зай R=1 фм-ээс бага мужид урсгалын хоолойг өргөсгөдөг, дараа нь уг динамик фермионы нөлөөгөөр явагдах нарийсалтын улмаас адронжих үзэгдэл явагддаг болохыг тогтоов.
20.
- 40 ГэВ/с импульстэй π-C харилцан үйлчлэлээр үүссэн хоёрдогч π- мезон, K0 мезон ба протонуудын фазын шилжилт өгөх критик массын утгууд нь тэдгээрийн тайвны массын хагастай тэнцүү болохыг туршилтаар батлахын зэрэгцээ торын квант хромодинамик онолоор дотоод бүтэцгүй гэж үзэгддэг гаж кваркийн массын критик утга нь түүний массын хагастай тэнцүү, түүнчлэн изотоп спины химийн потенциалын критик массын утга π- мезоны массын хагастай тэнцүү байна гэсэн онолын судалгааны үр дүнгүүд нь туршилтын үр дүнтэй тохирч байгааг тодорхойлов.
21.
- Дамжуулагч полимер полианилин (PANI)-ыг 2D материал графены оксидоор хольцлоход полианалин нь графены оксидын хуудсан үе хооронд нэвчин, полианалины бөөмнөрөл багасаж, каталитик шинж чанар сайжирч, цахилгаан химийн үзүүлэлт өндөр байгаа нь уг композит нэгдэл нь катализатор, кондесаторын электродын өрсөлдөхүйц материал байж болохыг харуулав.
22.
- Философичид эдийн засгийн философийн үндсэн асуудлуудыг А.Смитийн бүтээл дэх категориудаар баяжуулан илэрхийлсэн “Адам Смитийн онол ба эдийн засгийн философи” нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлсэн нь манай улсад эдийн засгийн түүх, хөгжлийн асуудлыг философийн шинжилгээний үүднээс судалсан анхны бүтээл болов.
23.
- БНХАУ-ын ШУА-ийн Химийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран “Полиэтилен ваксыг томруулсан стерик халагчтай цагариг гептилийн уламжлал бүхий төмрийн иминопиридил катализаторын оролцоотой этилений полимержих урвалаар бэлдэх арга болон хэрэглээ” шинэ бүтээлийн патент авч, оюуны өмчөөр баталгаажлаа.
24.
- Эрдэнэтийн УБҮ-ийн молибдений баяжмал дахь молибдений дисульфид (MoS2)-ийн эрдсийг уусгахгүйгээр зэс, төмрийг натрийн нитратын хүчиллэг уусмал (NaNO3+H2SO4)-аар уусган салгах туршилтын дүнд баяжмал дахь молибден (Mo)-ы агуулга 47.43%-аас 55.19% болж нэмэгдэхийн зэрэгцээ нийт MoS2-ын агуулга 90.73% болтол цэвэршсэн болохыг тогтоов.
25.
- Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Будан барбад ургамлын бүлэг ханд нь элэгний эсийг хамгаалах үйлчилгээтэй болохыг тогтоов.
26.
- Мод бэлтгэлийн хаягдал шилмүүсийг иж бүрэн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын цехийг ашиглалтад оруулж, орчны нян, бактерийг устгах, тайвшруулах үйлдэлтэй биоидэвхт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэв.
27.
- Шинжлэх ухааны 6 салбарын үндсэн ойлголт, ухагдахууныг агуулсан түлхүүр нэр томьёоны англи-монгол шинжлэх ухааны цахим тайлбар толийн вебд суурилсан хувилбарыг бүтээв.
28.
- Эх хэлнийхээ үгийн сангаас 60 мянга гаруй толгой үг, 80 гаруй мянган холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утсанд зориулсан аппликейшныг шинэчлэн бүтээв.
29.
- “Ногоон Дара эхийн тууж”-ийн 33 эхийг харьцуулсан судалгааны дүнд “Дара эхийн номын аймаг” хэмээх 3 боть, хэл шинжлэлийн түүхэнд “Цагаан толгой” хэмээгддэг 17 бүтээлийг судлан “Монгол хэл шинжлэлийн үнэт дурсгалууд” номыг хэвлүүлэв.
30.
- Судар бичгийн хүрээлэнгээс Түүх, угсаатны зүйн хүрээлэн хүртэлх 100 жилийн түүхийг анх удаа тусгайлан судалж, “Монголын түүхийн судалгааны голомт” хамтын бүтээл туурвив.
Сэтгэгдэл ( 1 )