Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн медаль” олгов

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач С.Далантай, Г.Батболд, Ц.Буянхишиг нарт Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн медаль” олгожээ.

Энэхүү шагналыг өнөөдөр /2023.02.08/ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл залуу судлаачдад гардуулж өглөө.

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлээд байна. Тус төсөлд оролцон ажилласан  дээрх судлаачдын хөдөлмөрийг үнэлэн энэхүү шагналыг олгож байгаа юм байна.

Дээрх  олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг бөгөөд дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12 мөр бичээс хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон. Тус дурсгал нь НТ 689 оны орчим бүтээгдсэн дурсгал хэмээн үзэж байна.

Хөшөөний бичээс дунд "Кутлук хаган Түрэг, Тэнгэрийн хүү, үхэр жилийн 9 сар, түм түмэн..." зэрэг бичлэгүүд тод танигдан уншигдаж байгаа юм байна.

Уг хөшөөний бичээсийг тайлж унших судалгаа болон тахилын цогцолборын археологийн малтлага судалгааны ажлыг хамтарсан төслийн судлаачид үргэлжлүүлэн хийж удахгүй үр дүнг нийтэд зарлахаар төлөвлөж байна. Энэ хөшөө нь Культегин, Билгэ хаан, Тонькукын гэрэлт хөшөө зэрэг Эртний Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлсэн томоохон гэрэлт хөшөөнүүд илэрснээс хойш 130 жилийн дараа илэрч байгаа томоохон нээлт болсон дурсгал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top