ШУА | БНКУ-ын Элчин сайд Олон улс судлалын хүрээлэнд зочлов

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

 Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хорхе Феррер Родригес 2023 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд зочлон үйл ажиллагаатай танилцлаа.
Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо эрхэмсэг ноён Элчин сайдыг тус хүрээлэнд зочлон ирсэнд талархлаа илэрхийлж, хүрээлэнгийн түүхэн замнал, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үндсэн чиглэл, сүүлийн үед хийгдэж буй судалгааны ажлын үр дүнгийн талаар танилцуулав.   

Элчин сайд Хорхе Феррер Родригес байгууллагынхаа талаар тодорхой мэдээлэл өгч танилцуулсан захирал, доктор Д.Золбоод талархлаа илэрхийлээд Ази тив бол БНКУ-ын хувьд маш чухал бүс нутаг гэдгийг онцлоод тухайлбал, Монгол Улсын мөнхийн хөрш БНХАУ нь тус улсын худалдааны эхний байранд орох гол түнш орон гэдгийг тэмдэглэв. Иймд БНКУ-ын шинжлэх ухаан, судалгааны холбогдох байгууллагууд Ази, Африк, Америк судлалаар судалгааны олон жилийн туршлагатай болохыг онцолж, тус улс дахь улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, гадаад орон судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг голлох эрдэм шинжилгээний төв, байгууллагуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. 

Уулзалтын үеэр Элчин сайд Хорхе Феррер Родригес Монгол Улс, БНКУ-ын хооронд 1960 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ хүртэл түүхэн хугацаанд хоёр улсын ард түмэн харилцан итгэлцсэн анд нөхдийн эрхэм харилцаатай байж ирсэнд бахархал дүүрэн байдгаа илэрхийлээд ялангуяа, хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллах нь чухал байгааг онцлов. 

Элчин сайдаас уулзалтын үеэр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдад олон улсын харилцааны тодорхой асуудлаар мөн лекц уншихад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү саналыг хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо талархан хүлээн авч 2023 онд Элчин сайдын боломжтой цагт лекц арга хэмжээг зохион байгуулан хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Хүрээлэнгийн удирдлагаас Монгол Улсад испани хэлт орнуудын судлалыг хөгжүүлэх, Америк судлалын чиглэлээр залуу судлаачдаа бэлтгэж, чадавхжуулах тухайд хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо хуваалцан уулзалтын төгсгөлд ноён Элчин сайд Хорхе Феррер Родригест хүрээлэнгийн судалгааны шинэ бүтээлийн дээжээс гардуулсан юм.

 Уулзалтад Монгол Улс дахь Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга О.Мандуул, тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай нар байлцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top