Б.Батцэцэг сайд Японы Гадаад хэргийн сайдтай цахим уулзалт хийв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай цахим уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 7 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын ач холбогдлыг тэмдэглээд ирэх 2022 оныг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал зохион байгуулах, залуучуудын солилцоог дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бататгах чиглэлд идэвхтэй ажиллахаар тогтов.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа жил ирэх тутам өргөжин хөгжиж байгааг сайд нар тэмдэглээд хоёр тал КОВИД-19 цар тахлын үед ч нягт хамтран ажиллаж байгааг дурдав. Сайд Б.Батцэцэг манай улс дахь цар тахлын эрсдлийг бууруулах чиглэлд Япон Улсын Засгийн газраас нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, вакцин, хүйтэн хэлхээг бүрдүүлэх зэргээр өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Талууд Монгол, Японы харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 50 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд нэн ялангуяа 1990-ээд оноос эрчимтэй өрнөж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн нь том амжилт хэмээн дүгнээд ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Сайд Б.Батцэцэг Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, логистикийн нөхцлийг сайжруулах, чингэхдээ Япон Улсаас шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав. Ирэх онд батлахаар төлөвлөж буй Монгол, Японы 2022-2025 онд хэрэгжүүлэх Дунд хугацааны шинэ хөтөлбөрийн баримт бичигт цар тахлын дараах үеийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхой оруулах нь чухал байгааг онцлов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд мөн тэмдэглэв гэж ГХЯ мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top