Японы хаан ширээг залгамжлагчдын хүрээг өргөжүүлэх талаар асуудал дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида лхагва гарагт /2022.01.12/ парламентын хоёр танхимын дарга нарт эзэн хаан Нарүхитогийн үе залгамжлагчдын хүрээ туйлын бага буйтай холбогдуулан хаан ширээг залгамжлахад үүсэж болзошгүй хямралыг даван туулах арга замын талаар Засгийн газрын шинжээчдийн бэлтгэсэн тайланг өргөн барьжээ.

Тайлангаас үзвэл, хаан ширээг эзэн хааны охидод шилжүүлэхийг хориглосон хуулийг эргэн авч үзэх асуудлыг хойшлуулсан байна. Ийм боломж олгох тухай хүсэлтийг тус улсын парламент тусгай тогтоолоор тавьж байжээ. Эмэгтэй хүнд хаан ширээг залгамжлахыг олон нийтийн ихэнх хэсэг мөн дэмжиж байгаа юм.

Харин үүний оронд шинжээчид эзэн хааны охидод гэрлэснийх нь дараа эзэн хааны гэр бүлийн гишүүнийх нь статусыг хадгалан үлдээх саналыг дэвшүүлсэн байна. Одоогийн хууль дүрмээр эзэн хааны охид гэрлэснийхээ дараа эзэн хааны гэр бүлийн гишүүнээс энгийн иргэний статуст шилжиж, тэдний хөвгүүд хаан ширээг залгамжлах эрхгүй болдог байна. Эзэн хааны охидын статусыг үлдээснээр, хаан ширээг өвлөх боломжит залгамжлагчдын хүрээг өргөжүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Тайланд мөн эзэн хаанд Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө эзэн хааны гэр бүлд багтаж байсан гэр бүлээс хүү үрчилж авахыг зөвшөөрөх санал дэвшүүлсэн байна.

Японы парламент эдгээр санаачилгыг хэлэлцэхийн тулд улс төрийн бүх намын төлөөлөгчдийн оролцуулсан тусгай зөвлөл байгуулж, энэ сарын 18-нд анхны хуралдааныг нь зохион байгуулахаар болжээ.

Эзэн хаан Нарүхито 20 настай ганц охинтой. Одоогийн хуулиар хаан ширээг эзэн хааны зөвхөн эрэгтэй гишүүд залгамжлах эрхтэй тул Айко гүнж хаан ширээг өвлөхгүй. Одоогоор 61 настай эзэн хаан Нарүхитогийн албан ёсны залгамжлагчаар түүний ганц ах болох 55 настай ханхүү Акишино /Фүмихито/ тооцогддог. Түүний дараа ханхүү Акишиногийн ганц хүү Хисахито /15 настай/ орж байна. Японы хаан ширээг залгамжлах эрхтэй залгамжлагчдын жагсаалтын сүүлд 1989 онд өөд болсон эзэн хаан Шоовагийн хүү болох ханхүү Хитачи бичигддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top