- Их Британийн Давж заалдах шатны шүүх эрчим хүчний компанийн захирал асан Зиад Акле-д оноосон ялыг хүчингүй болгов
“Unaoil” компанийн захирал асан Зиад Аклег Ойрхи Дорнод дахь газрын тосны гэрээтэй холбоотой авлигын хэрэгт оролцсон гэх үндэслэлээр 2020 оны 7 дугаар сард хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс “Онц ноцтой авлигатай тэмцэх алба” нь энэ хэрэг дээр ажиллахдаа хэргийн өөр нэг холбогдогч болох Басил Ал Жара-д дарамт шахалт үзүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулж хэрэг хүлээлгэсэн болохыг тогтоож 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зиад Акле-д оноосон ялыг хүчингүй болгосон байна.
- Байдены Засгийн газар авлигатай тэмцэх шинэ стратеги гаргалаа
2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Байдены Засгийн газар “АНУ-ын стратеги”-ийг нийтэлсэн бөгөөд үүнд АНУ болон олон улсад авлига болон түүнтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн зорилтыг тусгажээ. Энэхүү стратеги нь (1) Авлигатай тэмцэхэд чиглэсэн АНУ-ын засгийн газрын хүчин чармайлтыг шинэчлэх, зохицуулах, нөөц бүрдүүлэх, (2) Хууль бус санхүүжилттэй тэмцэх, (3) Хээл хахууль авсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх; (4) Авлигатай тэмцэх олон талт бүтцийг хадгалах, бэхжүүлэх; (5) Дипломат харилцааг сайжруулах, бодлогын зорилгод хүрэхийн тулд гадаадын тусламжийн эх үүсвэрийг ашиглахад чиглэгдсэн байна. Эдгээр нь дэлхийн хэмжээнд авлигатай тэмцэхэд чиглэсэн.
- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хээл хахуулийн асуудлаарх ажлын хэсэг Францын гадаад хээл хахуулийн хэрэгжилтэд гарсан “томоохон ахиц дэвшил”-ийг сайшааж байна
2021 оны 12 дугаар сарын 16-нд ЭЗХАХБ-ын хээл хахуулийн асуудлаарх ажлын хэсэг Франц улсыг “Олон улсын бизнесийн гүйлгээний явцад гадаадын төрийн албан тушаалтнуудад хээл хахууль өгөхтэй тэмцэх тухай” конвенц болон холбогдох хэргүүдийн хэрэгжилтийн 4-р шатны үнэлгээг нийтэллээ. Ажлын хэсгийн мэдээлснээр, "Франц улс 2012 оны 3-р үе шатнаас хойш хууль тогтоох болон институцийн томоохон шинэчлэлийг хийж, гадаадын авлигын гэмт хэргийн хэрэгжилтийг хангахад ихээхэн ахиц дэвшил гаргасан" гэжээ. 2016 онд батлагдсан “Сапин хууль 2” болон бусад шинэчлэлүүд нь Францыг "гадны хээл хахуулийн эсрэг тэмцэлд найдвартай түнш" болгосныг дурдав. Францын "Гадаадын авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн болон дууссан хэргүүдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг сайшааж, үүний үр дүнд 19 иргэн, 23 аж ахуйн нэгжид хариуцлага тооцсон. Мөн шүүхээс гадуур шийдвэрлэх механизмыг ашиглан таван авлигын хэргийг шийдвэрлэснийг онцоллоо. Гэвч Францын эдийн засгийн байдал, худалдааны онцлог, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй гадаадын хээл хахуулийн хэргүүдийн тоо зэргийг харгалзан, шийдвэрлэсэн хэргийн тоо харьцангуй бага хэвээр байгаад ажлын хэсэг санаа зовж байгаагаа илэрхийлэв. ЭЗХАХБ-аас Францын ололт амжилтыг хадгалах, өргөжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн зөвлөмж гаргасан. Франц улс энэ орон зайд томоохон байр суурьтай болж гарч ирж байгаа нь олон улсад томоохон нөлөө үзүүлж болзошгүйг мөн дурдсан байна.
- Францын банк ял хойшлуулах хэлэлцээрийн нөхцөлийг амжилттай биелүүлж дуусгалаа
Францын хөрөнгө оруулалттай “Сосиете Женерал” банк нь 2018 оны 6 дугаар сард Ливийн албан тушаалтнуудад хээл хахууль өгснөө хүлээн зөвшөөрч, АНУ-ын Хууль зүйн яамтай гурван жилийн хугацаатай ял хойшлуулах хэлэлцээр байгуулсан ба уг хэлэлцээрээр тус банкинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр 860 сая ам.доллар төлүүлэхээр тохиролцжээ. “Сосиете Женерал” банк 2018 оны 11 дүгээр сард мөн АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, АНУ-ын Өмнөд дүүргийн прокурорын газартай дахин ял хойшлуулах хэлэлцээр байгуулж, 1.34 тэрбум доллар төлөхөөр тохиролцсон байна. Францын банк дээрх хэлэлцээрүүдийн нөхцөлийг бүрэн биелүүлсэн тул АНУ-ын Хууль зүйн яам 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тус банкинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. АНУ, Франц улсын хооронд хийгдсэн дээрх хэлэлцээр нь улс хооронд авлигын асуудлаар тохиролцоонд хүрсэн анхны шийдвэр бөгөөд энэ нь олон улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд ач холбогдол бүхий үйл явдал болсон байна.
- Их Британийн Засгийн газар авлигатай тэмцэх стратегийнхаа ахиц дэвшлийг тайлагналаа
2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр Их Британийн Засгийн газар 2017-2022 он хүртэлх Их Британийн Авлигатай тэмцэх стратегийн хэрэгжилтийн гурав дахь жилийн ахиц дэвшлийн тайлангаа нийтэлжээ. Авлигын эсрэг мөрийн хөтөлбөрийг урагшлуулахад Ковид-19 цар тахлын улмаас учирч буй сорилтууд байсан боловч Их Британийн стратегийн хүрээнд хүлээсэн хэд хэдэн амлалтаа биелүүлэх тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан гэж дүгнэжээ. Авлигатай тэмцэх үндэсний санаачилгын хүрээг өргөжүүлэх, банкны данс, үйл ажиллагаа явуулж буй компаниудад шалгалт хийхэд орон нутгийн удирдлагуудад туслах, засгийн газрын ил тод, шударга байдлыг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой санал бүхий худалдан авалтын шинэчлэлийн тухай илтгэлийг нийтэлсэн зэрэг стратегийн тайлангаа нийтэлсэн. Ерөнхийд нь авч үзвэл, Их Британийн стратегийн 134 амлалтаас 52 амлалтаа биелүүлж, 68 амлалтаа биелүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 14 амлалт нь орхигдож болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
- Мэн Арал авлигын эсрэг санаачилга гаргажээ
2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Мэн Арлын Засгийн газар 2020 оны Үндэсний Эрсдэлийн үнэлгээнд тусгагдсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Авлига, хээл хахуультай тэмцэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Мэн арал 2013 онд Авлигын эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш авлигатай эрчимтэй тэмцэж ирсэн бөгөөд Авлига, хээл хахуулийн эсрэг төсөл нь Мэн арлын засгийн газарт авлигын эсрэг хариу арга хэмжээ авахад ямар учир дутагдал байгааг олж тогтоох ач холбогдолтой юм.
- Панамын ерөнхийлөгч агсны хөвгүүд хээл хахууль, мөнгө угаасан хэргээ хүлээв.
Панамын Ерөнхийлөгч агсан Рикардо Альберто Мартинелли Беррокалын хүү Луис Энрике Мартинелли Линарес нь Бразилын барилгын компанитай бүлэглэн 28 сая долларын мөнгө угаах гэмт үйлдсэн гэм буруугаа 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн зөвшөөрсөн байна. Луисын ах Рикардо Альберто Мартинелли Линарес нь дээрх гэмт хэргийг Луистай хамтран үйлдсэнээ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээсэн байна. Хууль зүйн яамны мэдээлснээр, Луис, Рикардо гэмт хэрэг үйлдэж олсон 28 сая доллароо нуун дарагдуулахын тулд оффшор банкинд данс нээхээр үгсэн тохиролцсон байжээ.
- Их Британийн шүүх “Ex-Oil” компанийн захирлын хээл хахуулийн орлогыг хураах шийдвэр гаргажээ
“Онц ноцтой авлигатай тэмцэх алба”-аас Лондон дахь “Ex-Oil” компанийн өмнөх захирал Дэвид Люфкинийг 2019 оны 2-р сараас 2021 оны 1-р сарыг хүртэлх хугацаанд арван нэгэн авлигын хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тогтоон 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс түүнд 140,000 гаруй фунт стерлинг төлөх торгууль ногдуулжээ. Люфкин 2012-2018 онд Ирак, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсад авлигын гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Люфкин 2021 оны 10-р сард “Онц ноцтой авлигатай тэмцэх алба”-тай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байсан тул түүнд илүү хөнгөн ял оноосон байна.
- Женевийн Ерөнхий прокурорын газар Испанийн өмнөх хааны эсрэг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2021 оны 12 дугаар сарын 13-нд Женевийн Ерөнхий прокурор Испанийн хаан асан Хуан Карлос-д холбогдох авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааг нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар зогсоосон. Тэрээр Мединагаас Меккагийн хооронд хурдны төмөр зам барих гэрээ байгуулахад зуучилсны хөлсөнд 100 сая долларыг авсан гэх хэрэгт 2018 оноос шалгагдаж эхэлсэн. Тодруулбал, 2008 онд Саудын Арабаас Швейцарийн Мирабауд банкин дахь Панамын Люсум сангийн дансанд 100 сая доллар шилжүүлсэн бөгөөд тэрхүү сангийн эцсийн өмчлөгч нь Хуан Карлос болох нь тогтоогдсон. Женевийн прокурорын газар Хуан Карлосыг хээл хахууль авсан болохыг нотолж чадна гэж мэдэгдэж байсан хэдий ч прокуророос 100 сая долларын төлбөрийг гэрээ байгуулахад зуучилсны төлбөр эсэхийг нотолж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.
- Авлигын хэргээр ял шийтгэгдсэн томоохон удирдагч нартай холбоотой үйл явдлууд
- Малайзын давж заалдах шатны шүүх Ерөнхий сайд асан Нажиб Разак-д оноосон ялыг хэвээр үлдээв. Нажиб Разак нь 2020 оны долдугаар сард эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож хорих ял шийтгэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Малайзын Давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээжээ. Мөн урьд нь Куала Лумпурын дээд шүүх “SRC International” компани нь хууль бусаар олж авсан хөрөнгө болох 10 сая долларыг Разакт өгсөн болохыг олж тогтоон түүнд 12 жилийн хорих ял оноож, 50 орчим сая долларын торгууль ногдуулсан. Түүнд холбогдох нийт 5 шүүх хурал явагдаж байгаа юм.
- Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өршөөлд хамрагдаж, шоронгоос суллагджээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ нь авлига, албан тушаалын болон төрийн нууц задруулсан зэрэг хэд хэдэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Харин 2021 оны 12 дугаар сарын 24-нд Пак Гын Хэгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд өршөөл үзүүлсэн. Тэрээр 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр шоронгоос суллагдсан байна.
Эх сурвалж: https://www.mofo.com/resources/insights/220120-top-10-international-december-2021.html
Сэтгэгдэл ( 0 )