“Гэм Зэм” жүжгийг тайзнаа дахин толилуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн бүтээл Монголын тайзнаа дахин тоглогдох гэж байна.

Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох "Гэм зэм"-ийг "Орфей" театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулсан юм. Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн зүгээс дэргэдээ Монголын залуу уран бүтээлчдийг дэмжин "Орфей" театрыг байгуулсан. "Фауст" жүжгээрээ шуугиан тарьсан найруулагч М.Батболд "Гэм зэм" жүжгийг тайзнаа найруулан тавьсан билээ.

Жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ. "Гэм зэм" жүжгийн ерөнхий нэвтрэх шугам нь "Харанхуйд төөрсөн хүн гэрэл гэгээг олж харлаа" гэсэн нэгэн өгүүлбэрт зангилагдана. Хүний амьдралыг ойлгох цор ганц арга зам нь хайр. Хайрыг мэдэрсэн хүний сэтгэлд л нигүүслийн гэгээ тусах боломжтой. Ф.М Достоевскийн хүн төрөлхтөнд хэлэхийг зорьсон энэ амин санааг Орфей театрын уран бүтээлчид жүжигтээ тусган харуулахыг хичээжээ.

Энэ жил Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн энэхүү бүтээлийг хүргэхэд Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-өөс онцгой ач холбогдол өгч хамтарч ажиллаж байна.

Жүжиг гуравдугаар сарын 3-27-нд тоглогдоно.

Дүрүүдэд: Раскольников - Д.Лхагва, Разумихин - Э.Ууганбаяр, Алена Ивановна - Д.Ганцэцэг, Соня - Г.Золзаяа, Дуня - Х.Баярмаа, Пульхерия Александровна – Б.Нармандах, Мармеладов - П.Эрдэнэзаан, Свидригайлов - Ц.Төмөрбаатар, Лужин - Ш.Доржсүрэн, Порфирий Петрович - Б.Одгэрэл, Т.Ариунчимэг, П.Дайриймаа, Д.Өсгүүнбилэг, Г.Анар, Зосимов – Л.Дөлгөөн, Заметов - У.Эрдэнэбаяр, Офицер - Б.Цогбаяр, Оюутан - Ж.Тэмүүлэн, Орфей театр: Ерөнхий найруулагч: М.Батболд

Продюсер: Т.Ариунчимэг, Зөвлөх продюсер: Амгалан Ринчинович Базархандаев, Хамтарсан продюсер, Уран сайхны удирдаач: Х.Отгонтуяа, Зохиолч: Я.Баяраа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 12

залуус минь үзээрэй хүнд заавал нэгийг бодогдуулана

0  |  0
Top