Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Русский домын дэргэд “Орфей” театр нээлтээ хийлээ.
Тус театр Оросын суут зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” жүжгээр нээлтээ хийсэн нь Монголын театрын урлагийг дэлхийн түвшинд гаргах алхам болж чадлаа. Жүжиг болгон тавихад маш хүнд “Преступление и наказание” романыг зоригтойгоор барьж аван Монголын театрын тайзнаа цоо шинэ хэв маягаар тавьсан хүмүүс бол зохиолч Ядамсүрэнгийн Баяраа, найруулагч Мягмарнарангийн Батболд нар юм. ОХУ-ын Москвагийн Театрын Академи болох ГИТИС-ийг төгссөн М.Батболд өнгөрсөн жил Германы алдарт зохиолч Иоханн Вольфганг фон Гётегийн “Фауст” жүжгийг Монголын театрын тайзнаа тавьж, чадал чансаагаа харуулсан найруулагч. Тэрбээр Ф.М.Достоевскийн “Гэм зэм” бүтээлийг Монголын театрын тайзнаа анх удаа амилуулахдаа зориг, авьяас хоёроо зэрэг хослуулжээ...
Улсын яллагч...
“Гэм зэм” жүжгийн гол дүр Родион Раскольниковыг шүүх хуралд танхим дүүрэн үзэгчид оролцоно. Хоёр хүнийг сүхээр цавчин зэрлэгээр хөнөөсөн Петербургийн их сургуулийн оюутан Раскольниковт улсын яллагч Орос улсын хууль, шүүхийн өмнөөс цаазын ял тулгаж, магадгүй бүр хувиасаа түүнийг аймшигтайгаар үзэн ядна. Баримт нотолгоо, үндэслэлээ тод бөгөөд маш хурцаар гаргах түүний харц, хөдөлгөөн бүр нь аймшигтай шийдэмгий...
Улсын яллагчийн дүрийг МУГЖ Д.Ганцэцэг авьяас, туршлагаараа “зодож” тултал нь бүтээжээ. Ерөнхий найруулагч, дүрсний найруулагч нарын өвөрмөц шийдэл болох тайзан дээрх гурван дэлгэцээр жүжгийн явцыг өөрөөр хэлвэл шүүх хурлын үйл явцыг шууд дамжуулан үзүүлсэн нь Монголын театрын урлагт цоо шинэ зүйл байлаа. Энэ нь Оросын төдийгүй Европын театрын орчин үеийн хэв маяг гэдгийг туслах найруулагч Никита Калмыков хэлж байлаа. Арын гурван дэлгэц дээр Раскольниковын цөхөрсөн харц, улсын яллагчийн шийдэмгий бөгөөд ширүүн харц, Дуня, Соня хоёрын нулимсны дусал ч харагдана...
Өмгөөлөгч...
Цөхрөнгөө барсан алуурчин Родион Раскольниковын өмгөөлөгч Разумихинд жүжигчин Д.Түвшинбаяр тогложээ. Мэргэжлээрээ ажиллаагүй удсан ч тэр “Гэм зэм” жүжгийн гол дүрийг тодотгож өгсөн гялбаа нь байлаа. Ухаан самуурсан Раскольниковын гол түшиг тулгуур нь байлаа. Өөртөө итгэлтэй, үгээ тод тод хэлэх Д.Түвшинбаяраас “Гэм зэм”-ийн Разумихины сайхан сэтгэл, саруул ухаан үнэртэнэ.
Ядуу зүдүүгийн улмаас хогийн муухай хөлсний жижиг өрөөнд амь зууж, мөнгө хүүлэгч эмгэнд байдаг бүхнээ тавьж, сараар ч хамаагүй өлсгөлөн суух Раскольниковын саруул ухааныг эргүүлэн авчрахаар тэмүүлэх Разумихин хурц ширүүн улсын яллагчийн эсрэг зогссон баатар юм.
Оросын их зохиолч Ф.М.Достоевский 1865 оны зун яруу найрагч, хүн амины хэрэгтэн Пьер Франсуа Ласенерийн хэргээс “Гэм зэм”-ийнхээ санааг олсон гэдэг. “Гэм зэм”-ийн гол дүр ядуу тарчиг оюутан Родион Раскольников яагаад мөнгө хүүлэгч эмгэн болон түүний дүүг хөнөөх болов? Тэр юуны төлөө ийм үйлдэл хийв? Тэр алуурчин уу, эсвэл ардын баатар уу? Түүний дүрийг хэрхэн дүгнэх, шүүхийг уншигч танд үлдээе.
Хөөрхий Дуня
Тарчиг оюутан Раскольниковын дүү сайхан төрсөн Дуня бүсгүй нийгмийн байдал, ядуу амьдралын золиос болсон нэгэн... Жүжигчин Х.Баярмаа Дуняг Монголын тайзнаа нэр төртэйгөөр амиллуулсан гэж би хувьдаа дүгнэнэ.
Амьдралын эрхээр айлд зарцлагдаж, эзнийхээ хүчирхийлэлд өртөх шахан, хайр сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэхээс өөр аргагүй болсон Дунягийн цөхрөл, төрсөн ганц ахыгаа алуурчин гэдгийг мэдсэн цочрол, хайрт ахыгаа цөллөгт үдэхдээ гаргаж буй зоригийг Х.Баярмаа тодоор гаргаж чадсан. Тэр тайзан дээр уйлж, инээж, хайрлаж дурлаж, цөхөрч, чичирч байв...
Бяцхан Соня
18 нас ч хүрээгүй бяцхан Соня ядуу тарчиг амьдралын улмаас охин биеэ мөнгөөр худалдсан. Биеэ үнэлж олсон мөнгөөр нь аав нь архи ууж, хойд ээжийн аймшигт харцан дор хэдэн дүү нарынхаа амь зуулгыг залгуулах гэж хичээх Соня. Бүсгүй амьдралын хар барааныг туулах ч бурханд итгэж, сүсэглэн залбирна.
Бяцхан, өрөвдөлтэй Сонягийн дүрийг жүжигчин Г.Золзаяа “Орфей” театрын тайзан дээр амилууллаа. Киноноос хардаг Г.Золзаяаг театрын тайзнаа огт өөрөөр харах сайхан байлаа. Тэр “Гэм зэм”-ээр авьяас, эв дүй, эмэгтэй хүний эмзэгхэн гоо үзэсгэлэнгээ харуулж, гол дүр Раскольниковыг тодотгосон бас нэгэн шигтгээ нь байв.
...Бурхны хүү биеэ үнэлдэг түүн дээр анх удаагаа ирэхдээ согтуу аавыг нь авчирч өгөөд, байсан хэдхэн рублиэ өгөөд зүгээр л буцна. Бурхны хүү түүн дээр хоёр дахь удаагаа ирэхдээ архичин аавыг нь хүргэж ирээд, байсан хэдэн рублиэ өгөөд бас л зүгээр л яваад өгнө. Тэр бяцхан Соняг бүлээцүүлж, зүрхэнд нь хайрын гал асаажээ. Гэвч...Бурхны хүү түүн дээр гурав дахь удаагаа ирэхдээ алуурчин гэдгээ хэлнэ. Тэр Соняг хайрлаж, бурхан байдаг гэдгийг мэдрүүлж, хань болдог эмэгтэй Лизаветаг мөнгө хүүлэгч эмгэний хамт сүхээр цавчин хөнөөсөн байлаа. Хэнд ч ямар ч гэм хийгээгүй, ямар ч буруугүй Лизаветаг шүү дээ...
Аав...
Сонягийн аав төрийн албан хаагч, архичин Мармеладовын цөхрөл үнэхээр гайхалтай байлаа. Жүжигчин П.Эрдэнэзаан “Орфей” театрын тайзан дээр ярих бус зүгээр л дуулсан юм. Хөгжмийн аянд найган, охиныхоо биеэ үнэлж эхэлсэн тэр үеийг Раскольниковт ярих, биеэ үнэлж олсон мөнгөөр нь хэрхэн архи ууснаа хүүрнэх, харуусах, хорвоогоос явах шийдвэр гаргах түүнийг харах үнэхээр зүрх шимрэм байв...
Охин нь анх удаагаа биеэ үнэлж мөнгө олж ирээд орон дээрээ буруу харан хэвтээд мэгшин уйлсан тухай, түүний мөр нь чичигнээд л, охиноо уйлж байгааг нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлсэн тухайгаа ярих тэр аав үнэхээр гайхалтай байлаа...
Соняг биеэ худалдаж мөнгө олж ирэхэд нь юу ч хэлэлгүй орон дээр хамт хэвтээд тэврэн уйлсан ааштай хойд ээж, Соня хоёр Мармеладов буюу жүжигчин П.Эрдэнэзааны ард бүжиглэнэ. Тэдний хөдөлгөөн бүр нь дүрийг нь илэрхийлсэн өөр өөр шийдэлтэй. “Гэм зэм” жүжгийн жүжигчин бүрийн хөдөлгөөн маш их илэрхийлэлтэй. Хөдөлгөөний найруулагчийг нь магтан бишрэх үзэгчид “Гэм зэм”-ийг дахиад үзэх хүсэлтэй байгаагаа ч ярьж байв.
Ф.М.Достоевский “Гэм Зэм” романыг бичсэнээр уран зохиолын ертөнцөд сэтгэлзүйн задаргаа буюу дүрүүдийн дотоод онцлогийн дүрслэхүй, үнэлэхүйг бусдаас илүү түвшинд авчирсан гэдэг.
Итгэлээ алдаж цөхөрч үзсэн хүн бүрийн түүх хэмээн тодотгосон найруулагч М.Батболдын “Гэм зэм” жүжгээс Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, МУСТА Ш.Доржсүрэн зэрэг Монголын өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн гайхалтай тоглолтыг харах болно. Монолог бүрийнхээ дараа алга ташилтан дор тайзыг орхих тэдний талаар “Гэм зэм” жүжгийн туслах найруулагч Никита Калмыков “Бид тайзны шийдэл, үг, хөдөлгөөн, деталь бүрээ жүжигчидтэйгээ зөвлөлдөж гаргасан. “Гэм зэм” жүжиг дээр ажилласан хүн бүрийн оролцоогоор жүжиг маань амжилттай тоглогдож байна. Монголын театр, киноны урлагийн шилдгүүдтэй гар нийлэн ажиллаж байгаадаа баяртай байна” гэлээ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтсоны 100 жилийн ой, Фёдор Михайлович Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа “ГЭМ ЗЭМ” романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл өдөр бүр РЦНК буюу Русский домын тайзнаа тоглогдоно.
Сэтгэгдэл ( 2 )
Бүтэн 3 цагийн турш догдолж, гайхаж, биширч, гэмшиж үзсэндээ. Нийт жүжгийн хамт олонд баяр хүргэе. Монголын театрын урлагт томоохон тэсрэлт болж байна. Гайхалтай.
гайхалтай сайхан найруулсан сонгодог жүжиг болжээ оролцсон бүх хүмүүст баяр хүргэе