ГЭМТ ХЭРЭГ БА ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНД ГЭМТЭН ШИГ СУУСАН НЬ
“Бурхан гэж байдаг юм уу... Бурхан гэж байдаггүй юм. Тэр чинь өрөвдөлтэй амьтдын зохиосон үлгэр. Тэд ядуу зүдүү амьдралаа зөвтгөх гэсэн, тарчиг зүдмэг сэтгэлээ зогоох гэсэн ичтгүүртэй дорой хүмүүсийн бодол. Нийгмийг бузарлаж, ард түмнийг шулж мөлжиж байдаг, ядуусын эгнээг тэлж байдаг шалзнуудыг цэвэрлэх нь ардын баатар лугаа гавьяатай үйл хэрэг мөн”. Раскольников халуундаа дэмийрэн ийнхүү өөртэйгээ ярьж, хэд хоног галзуурахын наагуур байлаа. Өдөр нь сүг сүүдэр шиг хоол ундгүй гэлдэрч, шөнө нь хар даран тарчилсаар.
Түүний далайсан балт сүхэнд цавчигдсан хоёр эмэгтэйн дүр залуугаас “Яагаад” гэдэг асуултыг нэхэн бурхнаас гэм нүглээ илчилж, ял цээрлэлээ үүрэхийг ятгах боловч залуу үл зөвшөөрнө. Энэ бүхний эцэст бид Петербургийг донсолгосон дуулиант аллагын шүүх хуралд сууж байлаа. Гараа гавлуулж, царай нь үхдэл шиг цонхийсон Раскольников шүүхийн сандал дээр тэргүүн гудайн сууна. Түүний нунж дорой байдал хүмүүст “Энэ хүн алж чадах уу” гэсэн эргэлзээг ч төрүүлээд амжив. Шүүгч Алена Ивановна түүнээс үнэнээ хэлэхийг ятган, холбогдох баримтуудыг дэлгэх боловч түүний өмгөөлөгч Разумихин эрс няцаалт өгсөөр. Түүнийг Петербургийн их сургуульд ямар сайн сурдаг байсныг сөхөн, тэр ч бүү хэл сонин хэвлэлд нийтлэл нь хэвлэгдэж байсан тэргүүний суралцагч гэдгийг цохон тэмдэглэв. Ийм хүн хүний амь бүрэлгэнэ гэж үү. Шүүхийн танхимд дүүрэн улс аймшигт аллагын тухай шүүгч Аленагаас сонсох мөч ирлээ.
Өнгөрсөн цаг хугацаа, болсон үйл явдал гэрэл зургийн хальс шиг түүний ичгүүрт хэрэг нүдний өмнө хөвөрсөөр. Раскольниковын хэрхэн аллага үйлдсэнийг нэгд нэгэнгүй ярьсны эцэст “Би хүн алаагүй, та нар нотлох баримтаа гаргаад ир” хэмээн залуу басамжлан, бачимдан байж ядан орилов. Хүүхэд байхдаа түүний эцэг хамжлага боолууддаа тамлагдан үхэж байхыг тэр харжээ. Багаасаа л эцгийнхээ үхлийг зүүдэлдэг өрөвдөм хүүгийн өр эмтрэм түүхийг ч яллах шүүгч Алена аль хэдийн судлаад мэдчихжээ.
Тиймээс л түүнийг багаасаа сэтгэцийн ямар нэг асуудалтай хэмээн хардаад байгаа нь энэ. Эцэггүй өссөн тэрбээр ээж, охин дүү хоёртоо ухаангүй хайртай. Тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй. Гэм нүглээ зөвтгөх шалтгааны нэг том углуурга нь тэр хоёр байдаг юм л даа. Учир нь ээж, охин дүү хоёр нь уугуул мужаас хүрч ирсэн явдал юм. Охин дүү Дуня нь ядуу зүдүүгийн эрхээр сэтгэлгүй боловч баян ноёнтонтой гэрлэхийг хүсдэг. Дуня шударга зарчимч эмэгтэй. Бүхий л цаг үед мөнгөний буулга дор бөхийж байсан боловч зүрх сэтгэл нь бардам сэхүүн хэвээрээ үлдсэн юм. Гэвч энэ доромжлолыг ах нь тэсэхгүй, дүүг нь “богтлох” гэсэн Лужин хэмээх зальт этгээдийг хөөж туун явуулна. Охин дүүгийнх нь гай үүгээр төгсөхгүй. Гоо үзэсгэлэн гэдэг ийм л хараалт тавилантай ажгуу. Дуняг Свидригайлов хэмээх ичгүүр сонжуургүй бийлэгжүү өвгөн ч урхи зангандаа оруулах гэж ятгана.
Энэ бүхэн ахыг нь бухимдуулан, тарчиг амьдралдаа гутан, орох байх газраа олж ядна. Эцэст нь Раскольников Соня хэмээх сайхан сэтгэлтэй, бурханд чинхүү сүсэгтэй охинтой танилцаж, амрагийн холбоотой болдог боловч тэд мөн л бурхан байдаг, байдаггүйн тухай зөрчилдсөөр. Ариухан сэтгэлтэй, гэм нүгэлгүй охин атал Соня мөн л ядуу зүдүүгийн эрхээр хөгшин эх, дөрвөн дүүгээ тэжээх гэж биеэ үнэлдэг юм. Раскольников “Хэрэв бурхан байдаг юм бол яагаад чамайг амьдрал хайр гамгүй бузарлаж байгаа юм бэ, яагаад чамайг энэрэн хайрлаж, хамгаалахгүй байгаа юм бэ” гэж шамдан шавдуулан асууна. Соня тун амгалан тайвнаар “Бие минь сэвтсэн ч сэтгэл минь ариунаараа байна.
Амьдрах итгэлгүй үхэхийн даваан дээр би чамтай учирсан. Чи бол надаас ямар ч өр төлөөс нэхэлгүйгээр эцсийн зоосоо алга дэлгэн өгдөг бурхны хүү байсан. Тиймээс л би амьдрах хэрэгтэй юм байна гэдэг итгэлийг чамаас олсон. Чи бол бурхны хүү” хэмээн зөөлхнөөр хариулна. Бүхнийг шингээж багтаах уужим сэтгэлтэй Соняд Раскольников бүх үнэнээ илчилж орхидог. Хүмүүсийг шулж мөнгө хүүлдэг хоёр авгайг би хөнөөчихсөн хэмээн зориг гаргаж шивнэхэд Соня “Чи тэгвэл бурхнаас өршөөл эрж, хот даяар сонсогдохоор хашхирч нүглээ хүлээ. Тэр цагт чиний сэтгэл чөлөөлөгдөн амар тайван амьдарч чадна” гэж зөвлөдөг юм. Раскольниковыг өдөр шөнөгүй тандан, тагнуулдаж, өрөг тоглоомоор наадах адил даажигнан тохуурхаж, тулган мөргөлдүүлж мөрдөн байцаадаг Порфирий Петровичтой залуу олонтаа уулзаж мэдүүлэг өгнө.
Раскольников эхэндээ өөр шиг нь эргүүлэн даажигнан тохуурхаж байдаг байсан боловч сүүлдээ сэтгэлийн их тарчлан, тамлан, ядрал цөхрөлдөө туйлдан үнэнээ өчдөг билээ. Тиймээс л бид одоо шүүхийн танхимд сууж байгаа нь энэ. Түүнийг өмгөөлж буй Разумихин хонгор Дуняг нь итгэмжлэн халамжилсаар өөрийн болгож авчээ. Хүргэн ахаа өмгөөлсөн хэргээр хуулийн өмнө тангараг зөрчиж, шүүх танхимаас Разумихин хөөгдөв. Бүх зүйл яллах шүүгч Аленагийн санаснаар болж, түүнийг цөллөгт 10 жил илгээдэг. Эхэндээ Алена гэмтэнг цаазлахыг заналтайяа хорсон хүсэж байсан боловч яагаад түүнийг амь хэлтрүүлэн цөллөгт илгээв. Оюутан Раскольников алчуурчин уу, ардын баатар уу.
ДУНЯГИЙН НУЛИМСЫГ АРЧИЖ, СОНЯГ ТЭВРЭЭД АВМААР ТИЙМ ОЙРХОН, ТИЙМ АМЬД ХАЛУУН МЭДРЭМЖ
Энэ сарын 25-ны өдөр “Русский дом”-ын дэргэд “Орфей” хэмээх театрын тайзан дээр Оросын алдарт зохиолч Ф.Достоевскийн “Гэм зэм” зохиолоос сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийн нээлт боллоо. Жүжгийн бүх үйл явдал нэг л тайзан дээр ээлжлэн солигдон өрнөв. Ямар ч түвэгтэй нүсэр тайз, эдлэл хэрэглэлгүй зөвхөн эргэдэг, угсардаг төмөр тайз, хэдэн сандал, тэгээд жүжигчид байсан юм.
Орчин үед бүх амьдралын хэв маяг минималист болж байгаа шиг тайзны урлаг ч ийнхүү өөрчлөгджээ. Бүх зүйл хажууд, дэргэд бидэнтэй хамт өрнөж, бид жүжгийн бүхий л үйл явдалд хутгалдан оролцож байв. Буун дуу хэдэнтээ тасхийж, үзэгчдийн дунд суусан хэд хэдэн хүнийг ч “нам буудаж” орхив. Хэзээ Раскольников балт сүхээ бариад хүрээд ирэх бол гэдэг айдаст хүлэгдэж, түүний хүн бус солиорсон харцнаас айн дагжин суулаа. Гэнэт л Дуня дэргэдээс минь босож ирээд, Разумихин араас хашхираад, Соня дээрээс бурхан адил гэрэлтээд, Раскольниковын шаналж тарчилсан, халуурч дэмийрсэн хөлсний дусал подхийн унаад духыг нь арчаад өгмөөр тийм ойрхон, тийм амьд халуун мэдрэмж байлаа.
Яг л би өөрийгөө Петербургийн нэгэн иргэн болчихсон мэтээр мэдэрч, хөөрхий Соняг тэврээд авмаар, Дунягийн нойтон хацрыг илбэмээр, золгүй Раскольниковт балга ус ч болтугай уулгамаар санагдах. Тэр хэдэн сарын турш ийнхүү гуринхлан дэргэдүүр минь гэлдрэх бүрийд түүнийг зөвтгөн өмөлзөв. Хэргээ хүлээхгүй гүрийхэд нотлох баримт үгүй тул хэн ч түүнийг зандалчин гэж баталж чадахгүй шүү дээ. Гэтэл тэр их сэтгэлийн шаналанг яах вэ. Өмнөөс нь хар дарж, өмнөөс нь түгшин айж, өмнөөс нь тарчлан зовов. “Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболд үйл явдлын деталь бүр дээр нарийн ажиллаж, орчин үеийн техник технологийн шийдлийг хослуулжээ. Тайзан дээр жүжиг явах хэр нь арын гурван дэлгэц дээр жүжигчдийн харцны гялбаан, нулимсны дусал ч харагдахаар тийм ойрхоноос гурван талаас нь авч харуулсан нь тун таатай шийдэл санагдав. Тайзны голд буй ганц эргэдэг дөрвөлжин төмөр тайз нь амь хоргодох байшин, архи уушны газар, тогоочийн вандан ширээ, галт тэрэгний өртөө гээд нүдэн дээр хувьсан өөрчлөгдөнө. Сунаж, эвхэгддэг хоёр шат нь орон зай, цаг хугацааны алсрал, ойртолтыг илтгэж, жүжигчид тэр шат руу мацан авирч, буцан буух нь ирж очихын хорвоогийн мөнхийн хөдөлгөөнийг харуулна.
Шүүхийн танхимд яллах шүүгчийн дүрд тоглосон жүжигчин Д.Ганцэцэг эхэндээ овоолсон үстэй зарчимч эмэгтэй, сүүлдээ хоёр салаа гэзэгтэй залуухан бүсгүй, эцэст нь задгай гэзэгтэй эрх чөлөөт эмэгтэйн дүрүүдийг дор нь хувиргаж, тэр бүрийд хувцсаа хэдэнтээ сольж амжив. Үүний зэрэгцээ шүүх хурал болсоор байгааг анзаарна уу. Энэ хувиргалт нь өөр өөр цаг хугацаа, өөр өөр сэтгэл хөдлөлийг нь илтгэж байлаа. Зальт Лужины дүрд тоглосон жүжигчин Ш.Доржсүрэн, хөгшин чинээлэг эр Свидригайловийн дүрд тоглосон жүжигчин Ц.Төмөрбаатар, Сонягийн аав Мармеладовын дүрд тоглосон жүжигчин П.Эрдэнэзаан нарын монолог үзэгчдийг байлдан дагуулав.
Тэд дүрийнхээ дотоод сэтгэлийг илэрхийлж, өөрийгөө зөвтгөн тунхаглаж чадсан юм. Дүр бүхэнд туулсан зовлон жаргал, үзэл бодол, сайн сайхан чанар байдаг. Тэд хэдий болж бүтэхгүй зүйл хийсэн ч “түүний зөв юм байна, ингэхээс өөр аргагүй юм байна” гэдэг шидээврийг өгчихөөд бууж байгаа нь сонин. Үзэсгэлэнтэй залуухан Дунягийн дүрд жүжигчин Х.Баярмаа тогложээ. Ахдаа туйлаас хайртай эрх хонгор Дуня биедээ даамгүй ачаа үүрч ирсэн ч гундаа нь үгүй зүстэй, гандаа нь үгүй сэтгэлтэй.
Зовсны эцэст жаргадгийн үлгэрээр хайр сэтгэлээ олсонд түүний өмнөөс баярлав. Харин хөөрхий Сонягийн дүрд жүжигчин Г.Золзаяа тогложээ. Соня Раскольниковт хайртай болсныхоо төлөө өмнө нь байснаасаа ч илүү зовлон амсана шүү дээ. Бардам сэхүүн Раскольников түүнийг өөрөөсөө түлхсээр байдаг ч цөхөрсөн хүнийг босгож, цөллөгт хамт явж байгаа нь ямархан агуу сэтгэлтэйг илэрхийлнэ. Хайртай залуугийнхаа гэм нүглийг илчлүүлж, бас цагаатгаж, өршөөж, бас хайрлаж чадаж байгаа түүний сэтгэл ямар гайхамшигтай вэ. Соняг харахаар бурхан байдаг гэдэгт итгэж уужуу амьсгаа авах хэр нь Раскольниковыг хармагц бурхан гэж байдаггүй хэмээн юунд ч юм гомдон бачимдаад ирэх.
Хэргийг уйгагүй мөрдөж буй ажилдаа дадмаг Порфирий Петровичид жүжигчин Б.Одгэрэл, Б.Баярсанаа тэргүүтэй нийт таван бүсгүй тоглосон юм. “Яагаад" гэж үү. Яагаад гэвэл “Гэм зэм” өөрөө сэтгэлзүйн драм шүү дээ, өөрийн хийсэн гэмшилдээ галзууран сэтгэл зүйгээрээ яллагдаж буй эрийн түүх. Мөрдөгч түүнд нэг биш хоёр, бүр тав болон харагдталаа дэмийрэн солиорч, мөрдөгч яг л таван өөр хүн шиг түүнийг дотоод эрчмээрээ буланд шахан тарчилган байцаана. Раскольников өөрөө яг л сэтгэл хуваагдах өвчтэй хүн шиг “би буруутай, үгүй ээ би буруугүй” хэмээн өөртэйгөө ярьсаар сүүлдээ өөрөө ч хоёр болж үзэгдэж эхлэв.
Аль нь жинхэнэ Раскольников, аль нь хий хоосон дүр гэдгийг ч ялгахаа байтлаа бид өөрсдөө дэмийрч төөрч эхэлсэн шүү. Гол дүр Раскольниковыг “Гайс” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва бүтээсэн нь сонин, содон өнгө төрх байлаа. Тэрбээр дүрээ хүчилж биш урлаж гаргана. Дуу хоолой нь хиймэл биш үнэн сонсогдоно. Харц нь хуурамч биш зовсон зүдсэн харагдана. Дүрийг бодитоор нь гаргана гэдэг л энэ байх. Илүү дутуу чимэг зүүлт, маяг донж үгүй эгэл жирийн хувцасласан гадаад төрхөндөө түүний дотоод сэтгэлийн энгийн байдал, хурц араншин нь яг зохицжээ. Өөр ч яах билээ. Шаналсан зовсон Раскольниковт өөр өнгө төрх, ааш араншин тохирохгүй шүү дээ. “Гэм зэм” романыг жүжиг болгоно гэхээр эхэндээ “яаж” гэдэг нь сонирхол татаж байлаа.
“Гэм зэм” жүжгийн зохиолыг Я.Баяраа бичжээ. Жүжгийг үзсэн найруулагч Ц.Хүсэлбаатар “Жүжгийн тайзыг гэрэл, дэлгэц, тоглолтоор 100 хувь ашиглаж дэглэжээ. Драмын урлагийн шинэ салхи сэвэлзүүлж “Фауст” жүжгээрээ тэсрэлт хийж гарч ирсэн М.Батболд найруулагч энэ удаад ч гайхамшигийг харуулж чадлаа. Цаашид ч уран бүтээлчид санаа сэдэл авч, өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй юм байна” хэмээсэн бол найруулагч С.Мягмар “Гайхамшиг үргэлжилсээр байна. Драмын театрын ажин түжин байдлыг эвдэж М.Батболд гэдэг залуу ирж сэрээж өглөө. Сэтгэл судлалын үүднээс детектив зохиолын санааг маш урнаар, өвөрмөц гаргаж чадлаа. Энэхүү шидээвэр бүтээлийг Монголд найруулан тавьж байгаад баяртай байна. ОХУ-д найруулагчаар төгсөж ирээд богинохон хугацаанд маш үр бүтээлтэй, шинэлэг, бүтээлч ажиллаж байна. Түүнд шавхагдашгүй маш их авьяас, ирээдүй бий. Энэ эрдэнэс шиг авьяасыг оросууд анзаарч, өөрсдийнхөө утга зохиолын шидээврийг хийлгээд эхэллээ шүү дээ. Ийм эрдэнэсээ манайхан олж харах хэрэгтэй” гэлээ.
Жүжиг эхлэхийн өмнө тараасан “Петэрбургийн мэдээ” сонины арын нүүрэнд хэвлэгдсэн Родион Романович Раскольниковын “Гэмт хэргийн” нийтлэлийн хэсэг бий. “Хоёр төрлийн хүмүүс байдаг нь гашуун үнэн. Эхний төрөл нь байгалиасаа дорд, өөртэйгөө л адилхан хүмүүсийг төрүүлэх цор ганц зориулалттай материал төдий эгэл хүмүүс. Нөгөө төрлийн хүмүүс нь жинхэнэ буюу дээд, агуу хүмүүс.
Тэд өөрийнхөө орчин, хүрээлэлд шинэ соргог үг хэлэх авьяас билэгтэй, хувьсгалч хүмүүс. Агуу хүмүүс хуулиас давсан үйлдэл хийдэг, ирээдүйг сайн сайхан болгохын тулд өнөө цагийг сүйтгэдэг. Македоны Александр, Юлий Цезарь, Наполеон. Энэ аугаа буянт үйлстнүүд, хүн төрөлхтнийг тохинуулагчдын дийлэнх нь онцгой аймшигтай цус урсгагчид байсан нь үнэхээр гайхалтай”. Энэ нийтлэл нь түүнийг хүн амины хэрэг хийсэн гэж хардах гол сэжим болдог юм л даа. Шударга бус нийгэм нь хүний амь бүрэлгэсэн үү, шударга ёсыг эрэн хайгч залуу хүний амь хөнөөсөн үү гэдэг жүжгийн туршид асуулт хэвээр байдаг. Раскольниковын гэмт хэрэг хийсэн анхны шалтгаан нь хоёр утгатай. “Эхнийх нь миний хийсэн үйлдэл өөрийгөө хэн болохыг таних гэсэн өндөр зэрэглэлийн хүн болж чадах эсэхээ сорьсон явдал. Удаагийнх нь миний үйлдэл бол араатны олзыг хохирогчдод тараан өгч, шударга ёсыг тогтоох гэсэн эрмэлзэл” юм.
Цөллөгт одсон Раксольников хүн алсан гэмшилдээ тарчилсан хэвээрээ л байдаг. Түүний оюун санааны бардамнал нь үл ойлголцол, сүйрэлд хөтөлдөг. Харин зүрх сэтгэлийн ойлголцол нь хайр энэрэл дүүрэн амьдрал гэдгийг эцэст нь ойлгож, Соняг хязгааргүй ихээр хайрлаж эхэлдэг. Хайр түүнийг дахин төрүүлж, дахин амьдрах хүчийг хайрлажээ. Гэвч бурхан байдаг, байдаггүй эсэх нь асуулт хэвээрээ л...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )