Өнгөрсөн лхагва гарагт Атлантын далайд Азорын арлууд орчим 4000 тансаг зэрэглэлийн автомашин тээвэрлэж явсан хөлөг онгоц дээр гал гарсан билээ. Ройтерс агентлагийн ням гарагт мэдээлснээр, галыг унтраах ажил тав дахь өдрөө үргэлжилж байна.
Панамын далбаан дор тээвэр хийдэг “Felicity Ace” хөлөг онгоц Германы Эмден боомтоос энэ сарын 10-ны өдөр гарч, АНУ-ын Род Айлэнд мужийн Дэвисвилл боомтод энэ сарын 23-нд ирэх ёстой байв. Хөлгийн баг өнгөрсөн лхагва гарагт SOS дохио илгээсэн бөгөөд мөн өдөр Португалийн цэргүүд хөлгийн багийн 22 гишүүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Галыг унтраах ажиллагаа удаан үргэлжилж байна. Учир нь автомашины түлшний сав дэлбэрэх аюултай байгаа тул гал унтраагчид хөлөг онгоцны тавцан дээр гарах боломжгүй байна. Улмаар галыг зөвхөн гаднаас нь унтраах арга хэмжээ авч байгаа аж.
Ройтерс агентлагийн мэдээллээр, хөлөг онгоц дээр “Volkswagen” компанийн Porsche, Audi, Bentley маркийн 4000 орчим автомашин байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, тус онгоц 189 Bentley, 1,100 Porsche тэр дундаа Porsche Boxster Spyder загварын автомашин тээвэрлэж байжээ. Зарим автомашин литий ионон аккумулятор тоноглогдсон бөгөөд эдгээр нь гал гарах шалтгаан болсныг батлах мэдээлэл үгүй байна. “Volkswagen” компани хөлөг онгоц дээр хэдэн автомашин байгаа талаар мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )