Н.Тэмүүлэн: Ялын бодлогоор гэмт хэргээс сэргийлэх ёстой

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Авлига албан тушаалын гэмт хэрэгт оноож байгаа ялын бодлогын талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.


Тэрбээр “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Эрүүгийн хариуцлага буюу ял нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулд нийцэж байвал цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго хангагдана.

Ялын бодлогоор урьдчилан сэргийлнэ гэдэг нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг хараад бусад хүн ийм хэмжээний ял шийтгэгдэхээс айх айдас, гэмт хэрэг үйлдэж шоронд орсноос ажил амьдралаа хуулийн хүрээнд хийсэн нь дээр гэсэн ухамсраар дамжиж хэрэгждэг. Харин ялын бодлого хөнгөн байвал гэмт хэрэг үйлдэж хөрөнгө мөнгөтэй болоод баяжсан тохиолдолд ял эдлэх ямар хамаа байх вэ гэсэн үзэл бодол давамгайлах эрсдэлтэй.

Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж 5.400.000 төгрөгөөс 27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Мөн нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөс 27.000.000 төгрөгөөр торгох, 1 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн бол 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top