Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хангарьд сити-2” хотхонд иргэн, аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөлгүй болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байхад харьяалах нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоохгүй хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хяналт шалгалт явууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоод хяналт шалгалтыг явуулахад “Хангарьд сити-2” хотхоны 8 блок бүхий орон сууцны зориулалттай 1 давхрын байрыг улсын комиссын хүлээн авсан акт баталгаажаагүй, үйлчилгээний зориулалттай бус орон сууцны зориулалттай байранд архи согтууруулах ундаа болон тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгогдсон, үйлчилгээний барилга байгууламж эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, барилга байгууламжийн журам зөрчин хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал тогтоогдсон байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс “Хангарьд сити-2” хотхоны орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт баталгаажаагүй байхад, мөн үйлчилгээний зориулалттай бус орон сууцанд худалдаа үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн “Батламж”, зарим аж ахуйн нэгж, байгууллагад “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл”, “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл”, түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт” тус тус олгожээ.
“Хангарьд сити-2” хотхонд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж, байгууллага нь хүнсний дэлгүүрийн худалдаа эрхлэхийн тулд орон сууцны зориулалтыг өөрчлөн үйлчилгээний зориулалттай болгосон, улмаар барилгын тагтны хана нурааж шат, хаалга гаргасан, доторх өрөө зохион байгуулалтыг өөрчилж барилга байгууламжийн стандарт, дүрэм журмыг зөрчсөн, тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байхад Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоох, арилгах зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.
Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчил, дутагдлыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын сахилга, ёс зүйн байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүллээ.
Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй барилга, байгууламж нь Барилгын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм стандартад нийцэж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагууд шат шатандаа анхаарч, явцын хяналт шалгалтыг тухай бүрт хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээг авах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аж ахуйн нэгж, байгууллагад олгож буй тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, зөрчил дутагдал давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )