УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.03.23/ хуралдаан 14.31 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын 4 дүгээр хавсралтаар тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан. Үүний дотор Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байна. Сайд Х.Нямбаатар, Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.
Хуулийн төсөл нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр тусгажээ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй гэлээ. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэх хугацаанд бизнес эрхлэгчид хяналт шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, тэдгээрт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг хяналт шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Хяналт шалгалтын үр дүнд шууд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд мэргэжлийн хяналтын байгууллагын нийт шалгалтын хэдэн хувь нь төлөвлөгөөтэй хийгддэг байсан, чухам ямар шалгалтыг зогсоож байгааг тодруулсан.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2021 онд 9900 хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсний 60 хувь нь хийгдсэн хэмээн сайд мэдээлсэн. Хэдийгээр төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох ч иргэд өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд түүний дагуу хяналт шалгалт зохион байгуулах ажил хийгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа. Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтын ажил зогсохгүй гэдгийг сайд тодотгосон юм.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар 2022 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Байнгын хороо энэ сард Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )