Канадын Ерөнхий сайдаар 10 гаруй жил ажиллаж, гуравдугаар сарын дундуур ажлаа өгсөн 54 настай Жастин Трюдог өнгөрсөн даваа гаригийн орой Монреалийн нэгэн ресторанд АНУ-ын дуучин, 40 настай Кэти Перритэй оройн зоог хамт барьж буй агшинг TMZ-ийнхэн хэвлэлээр дэлгэн тавьсан юм.
Эхнэрээсээ салаад хоёр жил болж буй Жастин Трюдог дуучин эмэгтэйтэй амрагийн харьцаатай болж байж магадгүй гэж хэвлэлүүд таамаглаж эхэлсэн. Кэти Перри жүжигчин Орландо Блумаас харилцаагаа таслаад удаагүй байгаа нь ийм цуу дэгдэхэд хүргэсэн юм.
Кэти Перри Канадад аялан тоглолтоор очсон. Мягмар гаригт Оттава, лхагва гаригт Монреаль, баасан гаригт Квебект тоглоод ирэх долоо хоногт Торонтод хоёр тоглолт хийхээр товложээ.
Түрүүн өгүүлсэнчлэн Жастин Трюдо 2023 онд эхнэр Софи Грегуараас салсан. Улстөрч, жүжигчин хоёрыг оройн зоог хамт барьж байхад бие хамгаалагч нь хэдэн метрийн зайнаас ажиглан зогсож байжээ. Оройн зоогийн дараагаар хоёулаа ахлах тогоочтой уулзсаны зэрэгцээ рестораны ажилтнуудад талархсанаа илэрхийлээд гарсан байна.
Ахлах тогооч Дэнни Смайлсын хэвлэлд ярьснаар бол “Тэр хоёрын хооронд романтик юмуу бие биендээ тэмүүлж, дурласан шинж ажиглагдаагүй. Харин ч их тайван сайхан ярилцаад гарсан. Бид тэдэнд аль болох саад хийхгүйг хичээн хамтдаа зураг авахуулах ч хүсэлт тавиагүй” гэжээ.
Монреальд болсон Кэти Перригийн тоглолтыг Жастин Трюдо зогсоод үзэж буй зургууд хэвлэл, сошиалоор тараад байна.
Одоогоор Жастин Трюдо болон Кэти Перригийн төлөөлөгчид ямар учиртай уулзалт, болзоо байсан талаар тайлбар хийгээгүй.
Трюдогийн аав Пьер Трюдо ганц бие эр байхдаа Канадын Ерөнхий сайд болж байсан түүх бий. Жүжигчин Барбара Стрэйзанд болон Ким Кэтролл нартай амрагийн харилцаатай байсан бөгөөд 51 настайдаа Ерөнхий сайд байхдаа 22 настай бүсгүйтэй гэрлэж, шуугиан тарьсан юм.
Харин дуучин Кэти Перригийн хувьд Грэммийн шагналыг 13 удаа гардсан. Долоон цомог гаргаснаас 2010 оны Teenage Dream нь илүү алдартай, ашигтай болсон. Саявтархан тэрбумтан Жефф Безосын Blue Origin сансарын хөлгөө огторгуйд ниссэн зургаан эмэгтэйн нэг болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Justin bol gomo medeegui yum uu?