ШШҮХ-ээс халагдсан офицер ДАХИН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-ээс зөрчил гаргаж, ажлаасаа чөлөөлөгдсөн офицер удирдлагынхаа дэмжлэгээр эргэн шүүхийн шинжилгээний албанд оржээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн даргаар ажиллаж байсан хошууч нь одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд алба хаагчдаасаа мөнгө нэхсэн, цалингийн хувийг нэмж түүнийг нь өөртөө авдаг байсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байжээ.

Гэвч тэрбээр 2021 онд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанд дахин томилогдон ажиллаж байгаад өдгөө Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Криминалистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээчээр ажиллах болсон байна.

Ингэж албанаас халагдсан шинжээчийг хүрээлэнгийн дэд даргын дэмжлэгээр эргэн ажилдаа орж, улмаар нийслэлд шилжиж ирсэн гэх мэдээлэл шинжээчдийн дунд яригдаж эхэлжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн, 44 дүгээр зүйл буюу Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах гэсэн заалтад, гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан үзэж, сануулах, цалингийн хувь хасах, цол бууруулах, ажлаас халах хүртэл арга хэмжээ тооцно гэж заажээ. Харин хамгийн өндөр шийтгэл буюу ажлаас халах шийтгэл авсан шинжээчийг дахин албанд томилох нь хууль бус гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.59) 2022 оны 04 сарын 12

УИХ-ын гишүүн Энхбатын хэлсэн шиг шүүхийн шинжилгээний газар эрдэмтэд, судлаачдыг ажиллуулах нь зөв гэж бодож байна

0  |  0
Top