Гар утас, компьютер гэх мэт электрон төхөөрөмжгүйгээр орчин үеийн хүн төрөлхтний амьдралыг төсөөлөхөд бэрх. Ганц асуулт асуухдаа ч уулзана, ажлаа хийхдээ бичгийн машин "цохино" гээд л.
1876 онд АНУ-д анхны гар утсыг бүтээсэн байдаг. Харин Монгол Улсад "Номин холдинг" ХХК импортоор оруулж ирж, хэрэглээнд нэвтрүүлжээ. Түүнээс хойш төрөл бүрийн электрон бараа нийлүүлж, монголчуудын гэр ахуйд томоохон хувьсал хийсэн юм.
Тухайлбал, "Номин Холдинг" ХХК 1999 оноос эхлэн "Hitachi", "Toshiba", "Sony", "Canon" зэрэг Японы электрон барааны брендүүдтэй хамтран ажиллаж, Монголын зах зээлд оруулж иржээ. Ингэж хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинэ техник, технологи монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн түүхтэй.
Энэ жил Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Тус ойд зориулан Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн гишүүн байгууллага болох "Номин Холдинг" ХХК "Гэр ахуйн соёлын хувьсал" арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол Японы төвийн дэд захирал Огиши Ёошифүми болон "Номин Холдинг" ХХК-ын төлөөллүүд оролцож, илтгэл тавьсан юм.
1992 онд Монголын таван аж ахуй нэгж Японы электрон барааг Сингапураас Монголд оруулж ирж, худалдаалж эхэлжээ. Үүний нэг нь "Номин-5" компани байсан аж.
Улмаар электрон барааг ганзагаар зөөж, тээвэрлэн ганцхан лангуун дээр худалдаалдаг байсан бол өдгөө сүлжээ дэлгүүр болтлоо өргөжин тэлжээ.
Хэлэлцүүлгийг нээж “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх, худалдааны Гавьяат ажилтан А.Шагдарсүрэн үг хэлэв.
Тэрбээр "Монгол, Японы хоорондын найрамдал, хамтын ажиллагааны 50 жилийн хугацаанд “Номин холдинг” компани өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэж бид үздэг. 1992 онд “Номин-5” аж ахуй байгуулагдахдаа Японы фермүүдийн электрон барааг Монголд оруулж ирж, худалдаалахаас үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Үүнээс хойших 30 жилийн хугацаанд бид Монголын ард түмний гэр ахуйн соёлд хувьсгал хийсэн компанийн нэг гэж үздэг. Тухайн үед Монголд таван компани электрон бараа оруулж ирж байсан. Харин одоо 10 орчим компани электрон бараа импортолж байна.
Биднийг анх электрон бараа оруулж ирэхэд гараараа хувцас угаадаг, дэрсэн шүүрээр хогоо шүүрддэг байсан монголчууд тоос сорогч, угаалгын машин гэх мэт электрон бараа хэрэглэдэг болсон. Махаа борцолж хадгалдаг байсан бол хөлдөөгч, хөргөгчтэй болсон. Зурагт, тоос сорогч, компьютер гэх мэт төхөөрөмжийг айл бүр хэрэглэж байна. Мөн манай компани гар утсыг анх Монголд оруулж ирж байсан бол одоо хүн бүр хэрэглэж байна.Тиймээс бид гэр ахуйн соёлд маш том хувьсгал хийсэн гэж үздэг" гэсэн хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийсэн бас нэгэн том ажил нь "Эрдэнэт хивс"-ийг Японы зах зээлд гаргасан явдал. Арав гаруй жилийн өмнө үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гаднын зах зээлд гаргасан нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна.
Тодруулбал, Японы Токио, Осака, Нагояа зэрэг томоохон хотуудыг хамарсан 87 салбар сүлжээ дэлгүүр болох "Kingdom"-ийн бүх салбараар "Эрдэнэт" хивсийг борлуулж байгаа аж. Тус худалдааны төвд үйлдвэрийн үнээс 3-5 дахин өндөр үнээр худалдаалдаг гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Мөн Японы тансаг зэрэглэлийн дэлгүүр болон олон улсын худалдааны сайтаар дамжуулан Япон хэрэглэгчдийн гарт хүргэсээр байгаа аж..
Хэлэлцүүлгийн үеэр "Японы орчин үеийн амьдралын хэв маяг ба эмх цэгц" сэдвээр Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын зохиолч Л.Саруултөгс илтгэл тавилаа.
Ингэхдээ "Япончууд жижиг талбайд эмх цэгцтэй амьдрах арга барилд гаршсан ард түмэн. Монголчуудын хувьд ч мөн адил нүүдэлчин соёлтой орны хувьд монгол гэрт эмх цэгцтэй, бага эд хогшилтойгоор нүүдэллэдэг амьдралын ухаан бий. Тиймээс энэ хоёр орны ард түмэн хэрэглээгээ цомхон байлгах тал дээр төстэй гэж боддог.
Гэхдээ зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд маань суурин газарт амьдрах нь ихсэж, эд материалын сонголт маш их болсонтой холбогдуулан иргэдийн хэрэглээ нэмэгдэж байна.
Харин дэлхий нийтээр бол байгаль дэлхийдээ илүү ээлтэй амьдрах минималист хэв маягийг сонгож, хэрэглээгээ багасгаж байна. Энэ хэв маягтай уялдуулаад цахилгаан хэрэгсэл ч гэсэн илүү олон үйлдэлтэй болж байна. Тус тусын үйлдэлтэй олон цахилгаан хэрэгсэл гэхээс илүү олон үйлдлийг зэрэг хийдэг нэг цахилгаан хэрэгслийг үйлдвэрлэж байна. Электрон бараа шинэчлэгдэн, сайжрах бүрт нь Монголын хэрэглэгчдэдээ хүргэж байгаа "Номин холдинг" компанид баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Амжилт Баяр хүргэе
Сайн зүйл ч байна Саар юм ч байна. Сайныг нь бичсэн бололтой. Үнийн асуудал дээр ойлгомжгүй юм байна. 1. 9-н тоогоор төгссөн үнэ 2. 3-г авбал тэдэн төгрөгөөр хямдарна гэдэг . Нарийн ухаанаар тунгаавал үнэ хямд биш. Харин Оргил, Дүүхээ төв үнэхээр хямд . үйлчлүүлэхэд сэтгэгдэл өндөр байдаг юм.