Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож, түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов.
Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл. Түүнээс гадна нийслэлийн хэмжээний түгжрэлийг шийдвэрлэхийн тулд дүүрэг, хороо ч мөн дотооддоо тулгарч буй асуудлаа хэлэлцэж, холбогдох алба, газруудад хэрэгжүүлэх ажлын санал, хүсэлтээ хүргэснээр тухайн ажил цаашдын төлөвлөгөөнд тусгагдаж, хэрэгжих боломжтой болно. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засаг дарга нар хороондоо тулгарч буй асуудал, нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд хорооны хэмжээнд авч болох арга хэмжээний талаар санал хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Засаг дарга П.Дэлгэрдалай:
-Түгжрэл бууруулах LRT төслийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төвд төвлөрөл ихтэй байгаа нь түгжрэлд нөлөөлж байгаагаас гадна Баянзүрх дүүргийн хувьд зүүн тийш тэлж байгаа учраас хөнгөн галт тэрэгний шугамыг хотын зах руу уртасгаасай гэж хүсэж байна.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн:
-Автобус хоорондын хугацаа урт, автобус хүйтэн, бас эвдрэлтэй байдаг учраас хотын алслагдсан хороодын иргэд ажил, гэртээ ирж очиход хүндрэлтэй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн 14 болон 20 дугаар хороо зэрэг алслагдсан хороод руу хөнгөн галт тэрэг явуулдаггүй юмаа гэхэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хоорондын зорчих цагийг ойртуулж, автобусны буудлуудыг сайжруулах хэрэгтэй.
Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж:
-Асуудлыг илүү том зургаар хармаар байна. Улаанбаатар хот бол хөгжиж буй улсын нийслэл. Орон сууцууд тийм ч өндөр биш байгаа энэ байдлыг ашиглаад, гүүрэн замуудыг яаралтай хийж, дэд бүтцүүдээ сайжруулах хэрэгтэй. LRT бол зөв төсөл, тиймээс иймэрхүү төслөө иргэд, олон нийтэд сайн тайлбарлан таниулах нь зүйтэй гэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 1 )
Хуц