Их Британийн иргэн сугалаагаар 227 сая ам.доллар хожжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Их Британийн түүхэнд хамгийн өндөр хэмжээний сугалаа хожсон азтан 184.3 сая фунт буюу 227 сая ам.долларын хожлоо авах тухай өргөдөл гаргажээ.

“Daily Mail” хэвлэлд мэдээлснээр, азтан нэрээ нууцалж байгаа бөгөөд “EuroMillions” хонжворт сугалааны бүх найман тоог таажээ. Дүрэм ёсоор, сугалааны тасалбарыг баталгаажуулж, хонжворыг олгосны дараа шинэ саятан өөрийн нэрээ олон нийтэд ил болгох эсэхээ шийдэх гэнэ. Хэрэв нэрээ нууц хэвээр үлдээхийг хүсвэл азтаны хувийн мэдээлэл төдийгүй хаана оршин суудгийг хүртэл нууцлах аж.

Тус хэвлэлийн тооцоолсноор, энэхүү азтан Их Британийн хамгийн баян мянган иргэний жагсаалтад орно. Түүний хөрөнгө Эд Ширан, Робби Уильямс зэрэг алдартнуудын хөрөнгөөс давах аж.

Энэ удаагийн хонжворын хэмжээ “EuroMillions” сугалааны түүхэн дэх дээд амжилтыг эвдэж чадаагүй байна. 2021 оны аравдугаар сард Францын иргэн 220 евро буюу 231 сая ам.доллар /тухайн үеийн ханшаар 253 сая ам.доллар/ хожиж байжээ.

“EuroMillions” сугалааг 2004 оноос хойш Европт явуулж байна. Эхэндээ Испани, Франц, Их Британид явуулж байсан бол хожим нь Австри, Бельги, Ирланд, Люксембург, Португал, Швейцар, Лихтенштейн зэрэг улс нэгджээ. Хонжворт сугалааны дүрэм ёсоор ялагч нэрээ нууцлах эрхтэй байдаг байна. Өмнө нь их хэмжээний мөнгө хожсон азтангуудын ихэнх нь нэрээ нууцлах шийдвэр гаргаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top