Ажилчны гүүр барих төслийн талаар хэлэлцлээ

2022 оны 05 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн байлцсан юм. Энэ үеэр Ажилчны гүүр барих, Саппоро, Баянбүрд уулзварыг олон түвшний уулзвар болгох төслүүдийн талаар хэлэлцэж, ЖАЙКА-гийн төлөөлөгчид Зам тээврийн төлөвлөлт, хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  хотын авто замыг нэмэгдүүлэх, автомашины түгжрэлийг бууруулах болон бусад олон чиглэлд төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирсэн ЖАЙКА-гийн төлөөлөгч нарт талархал илэрхийлэв.

ЖАЙКА-гийн Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан дарга Шинозаки Юсүкэ “Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЖАЙКА-гийн зүгээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа” хэмээгээд Ажилчны гүүр барих, Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Ажилчны гүүр барьснаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний автомашины түгжрэл буурах юм.

Талууд дээрх төслүүдээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top