Тувагийн Замын цагдаагийн газраас энэ улирлын тайлангаа танилцууллаа.
Өдгөө шүүх дээр шалгагдаж байгаа хэргийн дотор Монголтой холбоотой нэг хэрэг бүртгэгджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Тувагийн “Ак-Довурак - Абаза” чиглэлийн замд Тоёота Королла машинтай зорчиж явсан жолооч эмэгтэй Монгол Улсын жолооны үнэмлэх үзүүлсэн байна.
Жинхэнэ эсэхэд нь эргэлзсэн Замын байцаагч шалгаж үзээд, 42 настай эмэгтэйг хуурамч үнэмлэх ашигласан хэргээр саатуулжээ.
Сэжигтэн Монгол Улсын жолооны үнэмлэхийг Тувагийн Вайбер мессенжерийн нэгэн группт тавьсан зарын дагуу холбогдож, худалдан авснаа хүлээсэн байна. Тэрээр Монголын жолооны үнэмлэх авахын тулд 25 мянган рубль буюу 2 сая орчим төгрөг төлжээ.
Байцаагчид Монгол Улсын жолооны үнэмлэх ямар замаар Тувад орж ирж байгааг шалган тогтоож, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн тус үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )