АНУ-д нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. АНУ-ын Үндэсний гвардын хошууч цолтой нэгэн эр Монгол хүнтэй хуурамч бичиг баримтаар гэрлэн, улмаар АНУ-д хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Мөн ингэхдээ 54 мянган ам.долларын төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэдэг нь тогтоогдсон байна.
АНУ-ын Колумбийн тойргийн мэдээлэлд дараах зүйлсийг онцолсон байна. АНУ-ын Үндэсний гвардын хошууч цолтой Коллин Л.Уэлч гэгч нь 2019 онд АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яаманд томилогдон ажиллахдаа монгол эмэгтэйтэй хувийн харилцаа үүсгэж эхэлжээ. Хэдийнээ гэрлэсэн байсан ч салсан гэх гэрчилгээг хуурамчаар үйлдэн тухайн монгол эмэгтэйд итгүүлж, 2022 онд Монгол Улсад гэрлэсэн байна. Улмаар 2024 онд тухайн эмэгтэй болон насанд хүрээгүй хүүхдийг нь АНУ-д жуулчны визээр авчран Виржиниа мужид дахин гэрлэжээ. Дараа жил нь буюу 2025 онд жуулчны виз нь дууссан ч орон байраар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байж. Уэлч нь энэ хооронд байнгын оршин суух гэрчилгээ, нийгмийн даатгалын карт, цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн тэтгэмж авах эрх зэргийг олгох Засгийн газрын захидал зэргийг хуурамчаар үйлдэн итгүүлсээр байжээ.

Хамгийн гол нь гэмт хэрэг үйлдэж байх хугацаанд Засгийн газрын зорчих эрхийн үнэмлэхээр хуурамч аяллын ваучер, зочид буудлын төлбөр, түрээсийн машины баримт зэргийг хуурамчаар үйлдэн Засгийн газрын тэтгэмж авсан болох нь тогтоогджээ. Эдгээр тэтгэмжийг Монгол Улсын иргэн эмэгтэй болон түүний охины амьжиргааны зардалд зарцуулдаг байсан аж. Хууль зүйн яамны мэдээллээр дээрх мөнгөн дүн нийлээд 54 мянган ам.доллар болжээ.
Коллин Л.Уэлч гэгч нь АНУ-д бүртгэлтэй хууль ёсны гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа энэ хэргийг үйлдсэн байна. Түүний өмгөөлөгчийн хэлснээр анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн зэргийг нь харгалзан хөнгөн ял олгох хүсэлтээ илэрхийлжээ. АНУ-ын Вашингтоны холбооны тойргийн шүүх түүний гэм буруугийн шүүх хурлыг ирэх 12-р сард товложээ. Америкийн ABC сувгийн цахим хуудаст дурдсанаар түүнд 10-16 сарын хорих ял оноож магадгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )