Олон улсын нэр хүндтэй хэвлэлүүдийн тоймчид Бүгд найрамдах намын ялагдлын шалтгаан болон үүний дараа АНУ-ын улс төрийн тавцанд гарах өөрчлөлтүүдэд дүн шинжилгээ хийж байна.
“Financial Times”-д бичсэнээр, завсрын сонгуулийн үр дүн Америкийн улс төрд хоёр чухал өөрчлөлтийг авчирч байна.
Нэгдүгээрт, Бүгд найрамдах намаас 2028 оны сонгуульд шинэ нэр дэвшигчийг тодруулах сурталчилгаа шууд эхэлнэ. Түүнчлэн, Флорида мужийн амбан захирагчийн албан тушаалаас бууж буй Рон ДеСантис санал хураах байрууд хаагдахаас өмнө “ямар ч төрийн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж баяжих ёсгүй” гэж хэлснээрээ сонгуулийн сурталчилгааг эхлүүлчихсэн гэхэд болно. Энэ нь сүүлийн үеийн олон санал асуулгыг тэргүүлсэн авлигын асуудалд өгч буй хариу үйлдэл юм гэж тус сонин бичжээ.
Хоёрдугаарт, Трамп улам бүр тааварлашгүй болох болно. Тэр хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс үл хамааран, 2026 оны сонгуулийн үр дүн Америкийн бодлогын чигийг өөрчилнө. Бүгд найрамдах намынхан 2018 оны завсрын сонгуульд ялагдсан нь Черчиллийн хэллэгээр бол "Трампын эхлэлийн төгсгөл" байсан юм. Арван жилийн дараа болсон энэ удаагийн өндөр ирцтэй сонгууль нь Трампын төгсгөлийн эхлэл болж байна гэж FT бичсэн байна.
“The Economist” энэ талаар, Ардчилсан намын хувьд энэ сонгууль нь улс төрийн шинэ үеийн эхлэл болохгүй. Тэд Ерөнхийлөгч Трампын хоригийг давах хэмжээний олонх болж чадаагүй ч сонгуулийн үр дүн бол маргаангүй улс төрийн ялалт юм гэжээ.
Ардчилсан нам Конгрессын сонгуульд ялсан нь дэлхийн зах зээлд ч нөлөөлсөн гэж Bloomberg онцолжээ. Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсний дараа хувьцааны ханш өссөн бол ам.долларын ханш буурсан байна. Конгрессын зүгээс Трампын тааварлашгүй эдийн засаг, худалдааны бодлогод илүү хатуу хязгаарлалт тавина гэж зах зээл хүлээж байна.
Ираны АНУ-тай хийх хэлэлцээний гол төлөөлөгч бөгөөд парламентын дарга Мохаммед Багер Галибаф мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Доналд Трампын Бүгд найрамдах нам завсрын сонгуульд ялагдсаны дараа америкчууд "Дайнд ҮГҮЙ" гэж хэллээ хэмээн тэмдэглэжээ. Харин Ираны Дээд удирдагч сонгуулийн үр дүн зарлагдсаны дараа АНУ-ын бодлого өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байхгүй байгаагаа мэдэгдэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, Бүгд найрамдах намынхан ялагдсан хэдий ч АНУ-ын дипломат хүчин чармайлт үргэлжилнэ гэдэгт найдаж байна гэв. “Ерөнхийлөгч Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байгаа. Түүнийг энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна. Тодорхой ахиц гарч байгаа ба тун удахгүй гурван талт хэлэлцээний ээлжит шат болно. Меланиа Трампын хүмүүнлэгийн хүчин чармайлтууд ч үр дүнд хүрч байна. Энэ бүхэн үргэлжилнэ гэж бид найдаж байна” гэж Песков хэлжээ.
Хятадын Синьхуа, Global Times зэрэг хэвлэл болон Гадаад хэргийн яамны зүгээс маш тогтвортой, дипломат байр суурь баримталж байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэхүү сонгуулийг “АНУ-ын дотоод хэрэг” хэмээн тодорхойлсон. Бээжингийн зүгээс сонгуулийн үр дүнгээс үл хамааран хоёр орны төрийн тэргүүнүүд нарын өмнө нь хүрсэн зөвшилцлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, харилцан хүндэтгэл, эрх тэгш байдалд суурилсан харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )