Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох нь тодорхой боллоо

Я.Болор | Zindaa.mn
28 минутын өмнө

АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр сөрөг хүчин болох Ардчилсан нам Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авч, хяналтаа тогтоохоор болсон нь тодорхой боллоо. Орон нутгийн цагаар оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон санал хураалтаар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимыг Бүгд найрамдах намаас эргүүлэн авснаас гадна Сенатын танхимд ч чухал мужуудад ялалт байгуулан, цэнхэрээр давалгаалж байна.

АНУ-ын CBS News болон BBC агентлагуудын урьдчилсан таамаглалаар Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимыг удирдах хэмжээний буюу 218-аас дээш суудал авахаар шаардлагатай босгыг давсан байна. CNBC-ийн мэдээлснээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд хамгийн багадаа 235 суудал авах төлөвтэй байна.

Энэхүү ялалт нь Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн сүүлийн жилүүдийн хууль тогтоох, төсөв батлах үйл явцад маш том хаалт, хяналт болох юм.

Харин Сенатын 35 суудлын төлөөх өрсөлдөөн маш ширүүн үргэлжилж байгаа бөгөөд Ардчилсан нам Бүгд найрамдах намын хяналтад байсан хэд хэдэн чухал мужийн суудлыг авч чадлаа.

Түүхэндээ Бүгд найрамдах намыг тууштай дэмждэг байсан Өмнөд Каролина мужид Ардчилсан намаас нэр дэвшигч Анни Эндрюс ялалт байгуулж, Сенатын суудлыг эргүүлсэн нь энэ шөнийн хамгийн том дуулиан болов. Тус муж 1998 оноос хойш Ардчилсан намын сенатор сонгож байгаагүй юм.

Хойд Каролина мужийн Амбан захирагч асан, Ардчилсан намын Рой Күпер Бүгд найрамдах намын өрсөлдөгчөө ялж, намдаа бас нэгэн чухал суудал авчирлаа.

New York Times сонины урьдчилсан таамаглалаар Ардчилсан нам Сенатын танхимд хяналтаа тогтоох магадлал 95 хувиас давсан байна.

Сонгуулийн дүн гарч эхэлсэнтэй холбогдуулан Дональд Трамп хэрэв Ардчилсан нам Конгрессыг хяналтдаа авбал өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд "Ноён Хориг" болоход бэлэн байгаагаа анхааруулсан байна.

Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд хоёуланд нь ялалт байгуулах магадлал өндөр болсонтой холбогдуулан АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс ханш уналттай байна. Тухайлбал, S&P 500 фьючерс 1.1 хувь, Nasdaq-100 фьючерс хоёр хувиар тус тус унасан. Хөрөнгө оруулагчид Ардчилсан нам олонх болсноор технологийн салбар, ялангуяа хиймэл оюун ухааны дата төвүүдэд тавих хяналт, зохицуулалт чангарч магадгүй гэж эмээж байгаатай холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top