АНУ-ын сонгууль: Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимыг хяналтдаа авав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

АНУ-ын Бүгд найрамдах нам Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болоход шаардлагатай 218 суудал аваад байна. Завсрын сонгуулийн санал хураалтын дүнгээр, Бүгд найрамдах нам Конгрессын доод танхимын 435 суудлаас 221-г нь аваад байгаа бол Ардчилсан нам 214 суудалтай болоод байна. Өдгөө Колорадо, Калифорниа мужийн дөрвөн тойрогт санал тоолох ажил үргэлжилж байгаа ба Вашингтон, Аризона, Аляск, Нью Йорк мужуудад санал хураалтын үр дүн тодорхойгүй хэвээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төлөөлөгчдийн танхимд олонх болсон бүгд найрамдахчуудад баяр хүргэж, тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр АНУ-ын завсрын сонгууль Америкийн ардчиллын хүч, тогтвортой байдлыг харууллаа гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Завсрын сонгууль энэ сарын 8-нд болсон. Ихэнх хэвлэлүүд болон санал асуулга бүгд найрамдахчууд илт давуу ялалт байгуулна гэж таамаглаж байсан ч саналын зөрүү харьцангуй бага байв. Санал тооллого үргэлжилж байна. Урьдчилсан дүнгээс үзвэл, Төлөөлөгчдийн танхимд бүгд найрамдахчууд олонх болсон бол Сенатад Ардчилсан нам олонхын суудлаа хадгалж чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top