ТОЙМ I АНУ-ын сонгууль: Хэн ялж, юу хүлээх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Өнөөдөр /2022.11.08/ АНУ-д завсрын сонгууль эхэлж байна. Энэ өдөр америкчууд Төлөөлөгчдийн танхим, Сенатын гишүүдийн гуравны нэг, мужуудын хууль тогтоох байгууллага, амбан захирагч нарыг сонгоно. Сонгуулийн дүн Ерөнхийлөгч Жо Байден ирэх хоёр жилийн бодлогод нөлөөлөх нь дамжиггүй.

ВВС агентлаг АНУ-ын завсрын сонгуульд хэн ялах шанс ихтэй болон сонгуулийн дүн ирэх хоёр жилд ямар нөлөө үзүүлэх талаар бичжээ.

Төлөөлөгчдийн танхим

Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнтэй. Сүүлийн хоёр жил тус танхимд Ардчилсан намынхан олонхыг бүрдүүлсэн. Харин энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намд олонхын суудлаа хадгалж үлдэх шанс бага. Судалгаагаар тэдэнд 15 хувийн боломж бий. Үүнд гурван хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, түүхэн тогтвортой чиг хандлага. Хоёрт Бүгд найрамдах намд бүтцийн давуу тал бий. Гуравт, хоёр үе дамжин инфляц гэдгийг мэдэхгүй америкийн нийгэм инфляцтай нүүр тулсан. Есдүгээр сарын байдлаар, тус улсад инфляц 8.2 хувьд хүрсэн. Ийм өндөр өсөлт хамгийн сүүлд 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр ажиглагдаж байв.

Инфляц нарийн учир шалтгаантай. Үүнд юуны өмнө цар тахлын үед алдагдсан нийлүүлэлтийн гинжин хэлхээ, дараа нь газрын тосны үнийн өсөлт хүчтэй нөлөөлсөн. Үүнээс үүдэн үнэ өсөж, Цагаан ордон, Конгрессын хоёр танхимыг хянаж буй Ардчилсан нам нийгэм, дэд бүтэц, экологийн хөтөлбөртөө олон их наяд ам.доллар зарцуулжээ. Бүгд найрамдахчууд эдгээр нь инфляцыг хөөрөгдүүлэхэд нэрмээс болсон гэж үздэг. Ардчилсан намынхан үр хөндөлт зэрэг сэдэв дээр тоглолт хийхийг хичээсэн. Дээд шүүхэд бүгд найрамдахчууд олонх болж, Үндсэн хууль жирэмслэлтийн таслах эрхийг баталгаажуулаагүй гэж тогтсоны дараа консерватив мужууд дотооддоо үр хөндөлтийг хориглов. Ардчилсан намынхан мөн зэвсгийн худалдааг хязгаарлахын төлөө зогсдог. Зун болон намрын эхэнд эдгээр асуудалд ач холбогдол өгч байсныг судалгаа харуулсан ч хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар сонгогчид илүү эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулж буй нь тодорхой болжээ. Энэ нь бүгд найрамдахчуудад илүү ашигтай.

Бүгд найрамдахчууд сонгуульд ялалт байгуулснаар Төлөөлөгчдийн танхимын удирдах албан тушаалыг авч, хэлэлцэх асуудлыг бүрэн хянах юм.

Сенат

Харин 35 гишүүнийг нь сонгох Сенатын сонгуулийн талаар бүрэн итгэлтэй таамаг тавих хүндрэлтэй. Санал асуулгаас үзвэл, тус хоёр намд ялах шанс тэнцүү байна. Өдгөө Сенатад тус хоёр нам тус бүр тавин суудалтай. Хамгийн ширүүн өрсөлдөөн Пенсилван, Жоржиа, Невада, Аризона зэрэг дөрвөн мужид болно. Тавин суудлаа хадгалж үлдэхийн тулд Ардчилсан нам эдгээр дөрвөн мужийн гуравт нь ялалт байгуулах шаардлагатай. Гэвч энэ нь боломжгүй мэт харагдаж байна. Учир нь судалгаагаар Пенсилван, Аризона мужид Ардчилсан намын нэр дэвшигчид туйлын баг саналаар тэргүүлж байна. Жоржиа мужид ширүүн тулаан өрнөнө гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ санал хураалтын дүнг тэр даруйд мэдэх боломжгүй. Хэрэв нэр дэвшигчдийн нэг нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол сонгуулийн хоёрдугаар шат болох учиртай. Мэдээж хэрэг санал асуулга алдаатай байх талтай.

Бүгд найрамдахчууд ялбал Украины дэмжлэг хэрхэх вэ?

Арваннэгдүгээр сарын 4-нд Жоржиа мужаас гарсан Бүгд найрамдах намын гишүүн Тэйлор Грин бүгд найрамдахчуудын Конгрессоос Украин нэг зоос ч авахгүй гэж мэдэгдэж байв. Тэрбээр Украинд бус, өмнөд хилдээ мөнгө зарцуулах ёстой гэж үзэж байна. Украинд дэмжлэг үзүүлэх асуудал дээр намдаа нэр нөлөө бүхий Доналд Трамп зэрэг улс төрчид хойрго ханддаг. Гэсэн хэдий ч ийм байр суурийг бүгд найрамдахчууд бүгд баримталдаг гэвэл өрөөсгөл болно. Тухайлбал, Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн тэргүүн Митч Макконнелл Украиныг дэмжин, Киевт айлчилж байсан. Ямартаа ч бүгд найрамдахчууд олонх болсон тохиолдолд Украинд үзүүлэх цэрэг, эдийн засгийн тусламжид илүү хатуу хандах нь тодорхой.

Бүгд найрамдахчуудаас өөр юу хүлээх вэ?

Өмнөх завсрын сонгуулийн дараа буюу 2018 оноос 2020 оны хооронд юу болсныг санах илүүдэхгүй. Энэ дүр зураг дахин давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. 2018 онд Доналд Трамп Ерөнхийлөгч байх үед Төлөөлөгчдийн танхимд олонх байсан Ардчилсан намынхан Трампын Мексиктэй залгаа хил дээр хаалт барих төсвийг эсэргүүцсэний дүнд шатдаун болж, холбооны байгууллагуудын санхүүжилт зогсож байсан. Түүнчлэн, Бүгд найрамдах намаас гарсан Цагаан ордны тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудал тавигдаж байв. Энэ бол хариугаа авах хүсэлтэй бүгд найрамдахчуудын хувьд сайхан санаа. Эцэст нь Байдены засаг захиргаанд улсын өрийн таазыг нэмэгдүүлэхийн тулд Конгресст хандахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ нь хууль тогтоогчдод өрсөлдөгчөө буулт хийлгүүлэх боломж олгодог.

Хэрэв бүгд найрамдахчууд Сенатад олонх болбол засаг захиргааны томилгоо, ялангуяа холбооны шүүгчдийн томилгоонд саад тавих боломжтой болно. Энэ бүгдээс үзвэл бүгд найрамдахчуудад ардчилсан засаг захиргаанд саад хийх боломжтой. Харин тэд өөрсдийн хүслээ тусгасан ямар нэгэн хууль тогтоомж баталж чадах уу? Үүний хариулт нь сөрөг гарна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэг нь Сенат, хоёр дахь нь Ерөнхийлөгчийн хориг.

2024 оны сонгууль хэрхэх вэ?

Доналд Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр. Гэхдээ нам дотор түүнд өрсөлдөгчид бий. Тухайлбал, Флорида мужийн амбан захирагч Рон Десантис, дэд ерөнхийлөгч асан Майк Пенс, төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео зэрэг улс төрчдийг нэрлэж болно. Гэхдээ хэрэв Трамп нэрээ дэвшүүлбэл тэд түүнтэй өрсөлдөхөөс зайлсхийж магадгүй. Жо Байден хоёр дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөнө хэмээн хэд хэдэн удаа ярьж байсан. Гэвч 2024 онд сонгуулийн дараа 82 насны босгыг алхана. Хэрэв энэ удаагийн сонгуулийн дүн Ардчилсан намынхны хувьд туйлын амжилтгүй болж, Жо Байдены рейтинг сэргэхгүй бол тэрбээр нам дотроо хүчтэй шахалтад орж, илүү ирээдүйтэй нэр дэвшигчид зам тавьж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top