АНУ-ын Конгрессын сонгуулийн дүн түүхий эдийн зах зээлд хүчтэй нөлөөлж, Брент маркийн газрын тосны үнэ огцом унаж, алтны ханш түүхэн дээд түвшиндээ хүрч өслөө.
Энэ сарын 3-нд болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болсноор тус улсын түүхий эдийн зах зээл хүчтэй хөдөлгөөнд орсон байна. Сонгуулийн дүн нь Трампын засаг захиргаанаас Ойрх Дорнодод баримталж буй бодлого, Ираны эсрэг дайны санхүүжилтийг хязгаарлах хүлээлтийг үүсгэсэн нь зах зээл ийн хөдөлгөөнд орох гол хөшүүрэг болжээ.
Ардчилсан намын ялалт Ойрх Дорнодын хурцадмал байдал дипломат замаар шийдэгдэх найдвар төрүүлж, Ормузын хоолой нээгдэж, Ираны тосны нийлүүлэлт сэргэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Улмаар Брент маркийн тосны үнэ өнгөрсөн 24 цагийн дотор 9-10 орчим хувиар огцом буурч, нэг баррель нь 93.50 – 94.60 ам.доллар болжээ. Сонгуулийн өмнө газрын тосны үнэ 104 ам.доллароос даваад байсан юм.
Конгрессын завсрын сонгуулийн дүнд алтны зах зээлд хүчтэй нөлөөлж, урт хугацаанд ажиглагдсан уналтын чиг хандлагыг зогсоолоо. Спот алтны ханш 3 гаруй хувиар өсөж, түүхэндээ анх удаа нэг унц нь 4100 ам.долларын босгыг давж шинэ дээд амжилт тогтоов.
Трампын засаг захиргаа шинээр импортын татвар ногдуулах, төсөвөө тэлэх магадлал буурснаар ам.долларын индекс сүүлийн нэг сарын доод цэгтээ хүрч унав. Мөн АНУ-ын 10 жилийн хугацаатай улсын бондын өгөөж 4.89 хувь болж буурсан нь хөрөнгө оруулагчдыг алт руу хошуурах шалтгаан боллоо.

Сэтгэгдэл ( 0 )