Испанид хурдны галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Испанид хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ. Испанийн ерөнхий сайд Педро Санчес гурван хоногийн гашуудал зарласан байна.

Мадрид хотоос гарсан “Renfe” компанийн галт тэрэг Мадрид хотоос 140 км-т орших Урда хот орчим зогсож байсан “Iryo” компанийн галт тэргийг мөргөжээ.

Испанийн тээврийн сайдын мэдээлснээр, “Renfe” компанийн галт тэрэгт улаан гэрэл ассан байсан ч бүрэн хурдаараа явах зөвшөөрөл олгосон байна. Өмнө нь яваа галт тэрэг зогссон тул улаан гэрэл асаасан байхад яагад тус галт тэрэгт хөдөлгөөнөө үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь одоогоор тодорхойгүй байна.

Испанийн тээврийн сайд Оскар Пуэнтэгийн мэдээлснээр, лхагва гарагийн өглөө компьютеруудад саатал гарсны улмаас хөдөлгөөнд оролцож байсан зургаан галт тэрэг, тэр дундаа осолд орсон хоёр галт тэрэг зогсоход хүргэжээ. Системд алдаа гарахад удирдлага диспечерийн төвд шилждэг бөгөөд диспечерийн төв галт тэрэгнүүдэд хурдаа хязгаарлалгүйгээр хөдөлгөөнөө сэргээх зөвшөөрөл олгосон гэж Пуэнтэ тодруулжээ. Түүнчлэн шалгалтаар “Renfe” компанийн галт тэрэгний машинист ямар заавар авсан, тухайн замд зөвшөөрөгдөх хурдаар явсан эсэх, дэлгэц дээр урд нь саад байгаа мэдээлэл гарсан үед яагаад галт тэргээ зогсоогүй зэргийг тогтоохоор ажиллаж байна.

Энэ ослоос есөн сарын өмнө мөн тус хоёр компанийн хурдны хоёр галт тэрэг тэр л зам дээр осол гаргаж, үүний улмаас 46 хүн амиа алдсан хэрэг гарч байв.

Лхагва гарагт Мадрид дахь “Centro de Transfusión” цусны төв ард иргэдэд хандан цусаа хандивлах уриалга гаргасан байна. Урда хотод спорт заалуудыг ашиглан зорчигчдод зориулан түр байрлах төвийг яаралтай зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top