ЭЗ-ийн өсөлтийн төсөөллийг хэвээр үлдээж, уул уурхайн бус салбарт найдлага тавив

2022 оны 06 сарын 23

Энэ оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг өмнөх улирлын түвшинд буюу 2.4 хувьд хэвээр хадгалснаа Монголбанкнаас мэдэгдлээ.

Сануулахад, Төв банк хийгээд эрх баригчид өнгөрсөн оны сүүлээр 2022  онд ДНБ-ий өсөлт 5 хувь давна гэх  өөдрөг  төсөөлөлтэй байсан юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр  Монгол Улсын ДНБ-ий хэмжээ энэ оны эхний улиралд 3.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Түүнчлэн энэ оны  төсвийн тодотголыг дагуулан өргөн барьсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ий өсөлтийн төсөөллийг 2.6 хувь болгож хоёр дахин бууруулсан юм. 

Монголбанкнаас дотоод эдийн засгийн нөхцөл байдлын талаар өгч буй мэдээлэлдээ,  Эдийн засгийн өсөлт 2022 оны 1 дүгээр улиралд уул уурхайн салбар, газрын тос, нүүрсний олборлолтоос үүдэн саарсан ч уул уурхайн бус салбар сэргэлттэй гарлаа. Тодруулбал,

Цаг агаарын нөхцөл байдал таатай байсан нь хөдөө аж ахуйн салбар идэвхжихэд нөлөөлсөн бол, хэрэглээ, импорт сэргэж байгаагаас худалдааны салбар, үүнтэй уялдан татварын орлого бүрдүүлэлт нэмэгдсэн нь уул уурхайн бус салбарт эергээр нөлөөлөв.

Үйлчилгээний салбараас зочлох үйл ажиллагаа, аялал, урлаг үзвэр зэрэг үйлчилгээ голлох өсөлтийг бүрдүүлжээ 

Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлд уналт зогсож, ажил эрхлэлт 10 орчим хувиар өссөн нь 5 улирал дараалан агшсан өрхийн хэрэглээ 1 дүгээр улиралд сэргэхэд дэмжлэг боллоо.

Энэ удаа Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг өмнөх улирлын түвшинд буюу 2.4 хувьд хэвээр хадгаллаа.

Нэг талаас газрын тос болон нүүрсний экспортын уналт нь уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахаар байгаа бол, нөгөө талаас уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдаа, үүнийг дагасан татвар бүрдүүлэлт нэмэгдэхээр байгаа нь өсөлтийг тэтгэнэ гэж үзлээ гэв.

Тодотгоход, Хил боомтын саатал, ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг  олон улсын байгууллагууд бууруулсан. 

Сүүлийн байдлаар ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 1 хувь байна гэж тооцоолсноо мэдээлсэн. Энэ нь тус байгууллагын хувьд өмнөх төсөөллөө 6 хувиар буюу өндөр хувиар бууруулсан тооцоолол болсон юм.

Олон улсын бусад байгууллагуудын тухайд ч манай эдийн засгийн нөхцөл байдлыг энэ онд эрсдэл, сорилтуудтай тулгарсан хэвээрээ байна гэж үзэж буй юм.

Азийн хөгжлийн банкны эдийн засагчид, шинжээчдийн төсөөллөөр Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх урьдчилсан тооцоололтой байна.

Харин Дэлхийн банкны эдийн засагчид 2.5 хувиар өснө гэсэн төсөөллийг танилцуулсан.  

Гэхдээ  хил боомтын доголдол арилсан тохиолдолд энэ оны сүүл рүү нүүрсний экспорт сэргэх боломжтойг Дэлхийн банкны эдийн засагчид хэлж буй.

 Түүнчлэн манай эдийн засгийн хэтийн төлөв болон эрсдэлүүдийг Дэлхийн банкнаас дараах байдлаар тодорхойлж буй юм.

“Оюутолгойн зэсийн хүдрийн агууламж буурснаар 2022 онд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний өсөлт түр хугацаанд саарахаар байна. Эдийн засаг сэргэхийн хэрээр хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал алгуур сайжирч дотоодын эрэлтийг дэмжихээр байгаа ч өндөр инфляц өрхийн бодит орлого, хэрэглээг хязгаарлан эдийн засгийн сэргэлтийг хазаарлахаар байна. Үндсэн хөрөнгийн хуримтлал цар тахлын өмнөх үеийн дундажтай харьцуулахад алгуур өснө. Үүнд “Рио Тинто” компанитай хийсэн хэлэлцээр голлон нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалыг тогтворжуулахаар байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь богино хугацаанд барилга болон үйлчилгээний салбарыг тэтгэх бол урт хугацаанд уул уурхайн олборлолтын хүчин чадлыг ахиулахаар байна. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсах ба 2023 оны хоёрдугаар хагаст Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхлэхтэй холбоотойгоор 2023-2024 онуудад 6 хувь давахаар байна.

Төсвийн алдагдал батлагдсан түвшнээсээ давна хэмээн таамаглаж байна. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр түвшинд байлаа ч хил боомтуудын үйл ажиллагаа жигдрэхгүй бол төсвийн алдагдлыг бууруулах нь тун ярвигтай байх болно. Бидний таамаглалаар төсвийн нийт алдагдал 2022 онд ДНБ-ий 5 хувьд хүрэх ба үүнд хөрөнгийн зардал, цар тахалтай холбоотой үргэлжилж буй зарим дэмжлэг, тэтгэврийн нэмэгдэл (ДНБ-ий 1.5 орчим хувиар) нөлөөлнө. Харин 2023-2024 онд төсвийн нийт алдагдал ДНБ-ий 4.6 хувьд хүрч буурахаар байна. 2022 онд ДНБ-ий 84 хувьд хүрч өсөх улсын өрийг (Монголбанк болон ХАБ хооронд байгуулсан своп шугамыг хасвал) тогтворжуулахад төсвийн консолидац буюу төсвийн алдагдлыг бууруулах, өрийн хуримтлалыг нэмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн бодлого шаардлагатай

Гадаад дарамт, инфляц нэмэгдэж байгаа тул мөнгөний бодлого чангарах хүлээлттэй байна. Ойрын хоёр жилд дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр босгох нөхцөл чангарч, том дүнтэй гадаад өрийн эргэн төлөлт тулж, урсгал тэнцлийн алдагдал өндөр түвшинд хадгалагдахын хэрээр гадаад секторын дарамт нэмэгдэхээр хүлээгдэж байна. Инфляцын түвшин зорилтот түвшнээс мэдэгдэхүйц давсан, гадаад тэнцвэргүй байдал нэмэгдэж байгаа, бодит хүү сөрөг утгатай байгааг харгалзан үзвэл 2022 онд үнийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд мөнгөний бодлогыг цаашид ч чангаруулах нь зүйтэй.

Эдийн засгийн суурь төсөөллийн хувьд тодорхой бус байдал өндөр, сөрөг эрсдэл давамгайлж байна. Муу хувилбараар буюу Монгол-Хятадын хил боомтуудын гацаа энэ оны турш арилахгүй, Украины дайнаас шалтгаалан түлш шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж эрчимтэй хумигдах тохиолдолд Монголын эдийн засаг 2022 онд ердөө 0.7 хувиар өсөж болзошгүй.

Таамаглалын энэ гутранги хувилбар хэрэгжвэл улсын төсвийн орлого дутаж, алдагдал улам нэмэгдэнэ. Мөн, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах нөхцөл чангарснаар 2023 онд эргэн төлөгдөх бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болно.

Тогтворгүй байдал, эрсдэлүүд ийнхүү нэмэгдэж байгаа нь макро эдийн засгийн бодлогод зохих тохиргоо хийх шаардлагатайг харуулна. Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг инфляцын хүлээлтийг бууруулахад эргүүлэн чиглүүлэх шаардлагатай. Бодлогын хүүг цаашдаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөвтэй адилтгах арга хэмжээнээс гарах, төв банкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах нь зүйтэйг дурдлаа.

Монгол Улс импортоос үлэмж хамааралтай, ханшийн инфляцад үзүүлэх сувгийн нөлөө өндөр тул чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэмээс болгоомжлох нь ойлгомжтой. Гэхдээ өнөөгийн валютын интервенц, валютын хязгаарлалтуудыг удаан хугацаанд тогтвортой хадгалах боломжгүй бөгөөд зах зээлийн итгэлцэлд сөргөөр нөлөөлж, долларжилтыг өдөөх эрсдэлтэй. Гадаад, дотоод өрийг тогтворжуулахад төсвийн алдагдал, өрийн хуримтлалыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого шаардлагатай байна. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэгт буюу орлого багатай, ядуу иргэдэд чиглүүлснээр нэг талаас эмзэг өрхүүдээ дэмжих, нөгөө талаас төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх ач холбогдолтой.

Бүтцийн реформ хийснээр эдийн засгийн төрөлжсөн, тиймээс илүү тогтвортой өсөлтийн суурийг дунд хугацаанд бүрдүүлэх боломжтой. Худалдааны болон тээвэрлэлтийн зардлыг хямдруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, үнэ тарифын реформыг гүйцэтгэх замаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх хувийн хөрөнгө оруулалтыг өөгшүүлэн дэмжихэд тэргүүн зэргийн ач холбогдол өгвөл зохино. Санхүүгийн секторын реформууд нь банкнуудын хувьцаа гарган нийтийн компани болохтой холбоотойгоор банкнуудын өөрийн хөрөнгийн бодит үнэлгээг хийх, виртуал активууд зэрэг санхүүгийн шинэ хэрэгслүүдтэй холбоотой эрсдэлүүдийг бууруулахад төвлөрөх хэрэгтэй гадны шинжээчид зөвлөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top